А.ТЛЕЙХАН: ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНУУДЫН МАНЛАЙЛЛЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2019 оны 06-р сарын 19
А.ТЛЕЙХАН: ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНУУДЫН МАНЛАЙЛЛЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Баян-Өлгий аймгийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудад зориулсан манлайллын чадавхыг бэхжүүлэх сургалт Өлгий хотод боллоо. Энэхүү сургалтыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи хамтран зохион байгуулсан бөгөөд  сургалтад аймаг, сумдын удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга нар, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд, ажилтан албан хаагч нараас бүрдсэн нийт 200 гаруй хүн хамрагдсан байна. Бид энэхүү сургалтын үеэр Удирдлагын ухааны доктор, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, тус аймгаас УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан А.Тлейхантай уулзаж ярилцлаа.

-Баян-Өлгийн аймгийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж байна. Яагаад энэ сургалтыг зохион байгуулах болов гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

- Монгол Улсын баруун хязгаарт амьдран суугаа Баян-Өлгий аймгийн ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа захиргааны болон үйлчилгээний ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх, тэдний манлайлын чадавхыг бэхжүүлэх, сайн туршлагаас хуваалцах боломж олгох зорилгоор энэхүү сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг зохион байгуулахын тулд аймаг орон нутгийн удирлагуудтай ярилцаж, иргэдийн дунд хийсэн судалгааны дүнг харгалзан үзсэн. Баян-Өлгий аймгийн иргэдийн ахуй амьдрал харьцангуй дээшилж байна. Сүүлийн жилүүдэд төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажлууд ч нэмэгдэж байгаа. Зөвхөн 2018 онд гэхэд 58 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн гээд сайн мэдээ олон бий. Гэвч анхаарах ёстой асуудал ч цөөнгүй байгаа. Сургалтыг зохион байгуулахаас өмнө Баян-Өлгий аймгийн хүний хөгжлийн бүрэлдэхүүн индексүүдийг бид 21 аймгийн үзүүлэлттэй харьцуулан авч үзсэн. Энэ судалгаанаас харахад хүний хөгжлийн индексээрээ 21 аймгаас 17 дугаарт эрэмбэлэгдэж байна. Хүн амын боловсролын түвшний индексээрээ 21 аймгаас 10 дугаарт, худалдан авах чадвараараа 21 аймгаас 21-рт бичигдэж байгаа. Тиймээс сургагч багш нараа сонгож авахдаа ч нилээд судалгаатай хандсан. Сургалтыг Удирдлагын академийн захирал, доктор профессор С.Зүльфикар удирдлаа. С.Зульфикар доктор гэхэд “Төрийн албан хаагчийн ёс зүй, зарчим, үйл ажиллагааны онцлог, төрийн албаны тухай хууль, дүрэм журмын талаар маш хэрэгтэй өгөөжтэй мэдээллийг өгсөн. Мөн тус академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор М.Баянмөнх, ахлах багш Ц.Энхмандах нар төрийн албаны хүний нөөцийн бодлогын шинэчлэл, удирдах ажилтны манлайлалын чиглэлээр, Төрийн байгууллагын стратеги, удирдлага менежментийн арга, туршлагын талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга М.Мөнхтулга нар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Улс орны хамгийн үнэт капитал нь хүн. Тиймээс хүнтэй харилцах харилцааг дээшлүүлэх, хүнээ сургаж чадваржуулах, эрүүл мэндийг нь хамгаалах шаардлагатай. Энэ онд Баян-Өлгий аймагт шинээр 100 ортой нэгдсэн эмнэлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, 10 сургууль, цэцэрлэг шинээр баригдаж эхлэх юм. Эмнэлэг, сургуулиудын тоо нэмэгдэх хэрээр иргэдэд хүрэх үйлчилгээ илүү сайн байгаасай гэж хүсч байгаа. Тиймээс үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, сургалтын арга барилаараа улсдаа манлайлдаг эмнэлэг, сургуулийн удирдлагуудыг сургалтад урьж оролцуулсан. Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага менежментийн арга, туршлагын талаар Анагаах Ухааны доктор, дэд профессор, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч, тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир мөн Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн удирдлагын арга барил, багш нарын ажил дүгнэж байгаа талаар Монгол Улсын гавьяат багш, Оросын Холбооны Буриад Улсын гавьяат багш, Монгол Улсын шилдэг менежер, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор сургуулийн захирал Ж.Соронзон нар эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхийн тулд ямар ажлууд хийж, яаж үр дүнд хүрч байгаа тухай сайн туршлагуудаасаа хуваалцлаа. Сургалтын гол зорилго нь шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, төрийн албыг мэргэшүүлэх, удирдлага менежерүүдийг улам чадавхжуулахад оршиж байгаа. Сургалт үр дүнтэй сайн болсон гэж миний хувьд үзэж байгаа. Энэ сургалтад хамрагдсан 200 гаруй хүн эндээс сурсан мэдснээ өөрсдийн ажилд хэрэгжүүлэх, санаа авч сайн туршлагыг нэвтрүүлээсэй гэж хүсч байна.

-Баян-Өлгий аймагт төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа төрийн албан хаагчдын мэдлэг ур чадвар, боловсон хүчний нөөц хэр байна вэ?

-Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзаж байхад төрийн үйлчилгээг харьцангуй сайжирсан гэж хэлж байгаа. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 онд 85 хувь, 2018 онд үйл ажиллагааны хөтөлбөр 87,7 хувиар биелэгдэж, 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгджээ. Улс, орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 1.9 тэрбум төгрөгөөр давж 122 хувиар биелэгдсэн нь өнгөрсөн оны гүйцэтгэлээс 568 сая төгрөгөөр буюу 5 хувиар өссөн. Эдийн засгийн гол үзүүлэлт болох аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 348.3 тэрбумд хүрч 2017 оныхоос 5.7 хувиар өсч, нэг хүнд ногдох ДНБ нь 3,361.6 мянган төгрөгт хүрч 2.5 хувиар өссөн гэх мэт сайн зүйл их бий. Энэ бүхнээс харахад Баян-Өлгий аймгийн удирдлагууд тухайлбал ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн засаг дарга А.Гылымхан, засаг даргын орлогч Ш.Хавыл, А.Камелият, ЗДТГ-ын дарга Х.Тилеген нар их зүйл хийж сайн ажиллаж байгаа нь харагдаж байна. Гэвч анхаарах зүйл багагүй бий. Аймгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, шударга, ил тод үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын манлайлал, чадавхыг нэмэгдүүлж, төрийн байгууллагуудын болон ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох гээд хийх ажлууд олон бий. Энэ талаар зөвлөгөөний үеэр бүгд нэгдсэн ойлголтой болж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэхээр боллоо.

- Баян-Өлгий аймгийн хүүхэд, залуучуудын оюун санаа, хувь хүний хөгжлийг дэмжиж, соён гэгээрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Энэ талаар тодруулж болох уу?

- Энэ талаар ярихын тулд дахиад л тоо баримт ярих нь зүйтэй байх. Статистик мэдээгээр 2018 оны 4 дүгээр улиралд Баян-Өлгий аймгийн хүн амын ажилгүйдлийн түвшин 13.1 хувьтай байгаа бөгөөд 21 аймгаас эхний дөрөв дүгээрт эрэмбэлэгдэж, улсын дунджаас 50.3 хувиар өндөр үзүүлэлттэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 64.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа. Баян-Өлгий аймгийн залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь хүн ам зүйн бүтэц, газар нутгийн байршил, эдийн засгийн чадавхи гээд олон зүйлтэй холбоотой нь мэдээж. Нөгөө талаар залуучуудын нийгэмшил, нийгмийн үнэт зүйл, хандлага, зан үйл, боловсролын түвшин гэх мэт хүчин зүйлээс хамаарч байна. Нэн ялангуяа аймгийн ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын сурлагын түвшин сүүлийн жилүүдэд илтэд хоцрогдох хандлага ажиглагдаж байгаа. Нөгөө талаар мэргэжил сонголтод ч анхаарах хэрэгтэй байгаа юм. Ажилгүй залуучуудын дийлэнх хувь нь ЕБС, цэцэрлэгийн багш мэргэжилтэй байна. Гэтэл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 43 сургууль, 45 цэцэрлэгт эдгээр хүмүүсийг багтаах боломжгүй. Энэ мэт яриад байвал олон асуудал бий. Тиймээс хүүхэд, залуусыг өөртөө итгэлтэй, хариуцлагатай, идэвх санаачлагатай, ёс суртахуунтай, хувь хүний хөгжил нь хангагдсан иргэн болж төлөвшүүлэх зорилгоор Удирдлагын академийн захирал, доктор профессор С.Зүльфикар тэргүүтэй эрдэмтэн, судлаачид хамтран аймгийн хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулаад байна. Аймаг орон нутгийн удирдлагууд маань ч хөтөлбөрийг дэмжин хүлээж авч байгаа. Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуучуудын идэвхи санаачлагыг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, тэдэнд зориулсан гэр бүлд суурилсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах юм.

-Баян-Өлгий аймгийн сургалтын чанарын асуудлыг ярихын тулд хос хэлний сургалтын чанар, хөтөлбөрийн тухай заавал ярих хэрэгтэй болох байх?

- Үндэсний онцлогоос хамаарч боловсролын хөтөлбөрт ярилцах, хэлэлцэх, шийдэх олон асуудал бий. Аль ч улс орны цөөнх болсон үндэстэнд тохиолддог бэрхшээл боловсрол. Улс үндэстэн бүр асуудлыг шийдэх илүү сайн боломж гарцыг байнга эрэлхийлсээр ирсэн. Үндэстний цөөнхийн бэрхшээлийн хохирогч нь ихэвчлэн хүүхдүүд байдаг. Хэлний асуудлаас болж Баян-Өлгий аймгийн боловсролын чанарын үзүүлэлт сүүлийн 20 гаруй жил сүүл мушгиж байна. Аймгийн ИТХ-аас дэд хөтөлбөрүүд санаачлан баталсны үр дүнд элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнгээр манай аймаг 21 дүгээр байрнаас 18 хүртэл урагшилсан. Гэхдээ үүнийг хангалттай гэж хэлэхгүй. Илүү сайжруулах, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгаа.

-Монгол Улсын иргэд Монгол хэлний мэдлэгээс шалтгаалан хөгжлийн хувьд хоцрогдож байна гэдэг байж болзошгүй зүйл. Үүнийг яаж өөрчлөх ёстой юм бол?

-Ирээдүй, залуу хойч үеэ сургах, боловсруулах, амьдралын зөв дадал хэвшилтэй, зөв иргэн болгож төлөвшүүлэх нь хамгаас илүү чухал асуудал болоод байна. Миний хувьд Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт анхаарал хандуулж, судалгаа шинжилгээний ажлуудыг нэгтгэн хөтөлбөр боловсруулах ажилд оролцож, зөвлөмж гарган, аймаг орон нутгийн удирдлагуудад хүргүүлээд байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2010 онд “Казак хүүхдийн боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 66 тоот тогтоол гарсан. Мөн Боловсрол, Соёл, шинжлэх ухааны сайд 2010 онд “Казак, Монгол хос хэлээр сургалт явуулдаг сургуулиудын боловсролын хөтөлбөрийг шинэчлэх тухай” 106 тоот тушаал гаргасан. Эдгээр шийдвэрүүдэд Казах хүүхдүүдийг бага ангидаа эх хэл дээр, дунд ангидаа Казах, Монгол хос хэл дээр, ахлах ангиудад Монгол хэл дээр сургаж дунд сургууль төгсөхөд үндэсний болон Төрийн хэл буюу Казах, Монгол хос хэлийг төгс эзэмшсэн байх сургалтын хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэхээр тодорхойлсон юм. Гэвч энэ ажил сайн үр дүнд хүрэхгүй байна. Хамгийн түрүүнд Засгийн газрын тогтоол, БСШУ-ны сайдын тушаалыг орон нутагтаа бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн үүний зэрэгцээ орон нутгийн зүгээс боловсролын салбарын менежментийг сайжруулах, боловсролын чанарыг сайжруулах талаар судалгаанд суурилсан шинжлэх ухааны үндэстэй орон нутгийн цэгцтэй бодлого гаргаж хэрэгжүүлэх ёстой. Хүүхдийн хүмүүжилд эцэг эх ч анхаарал хандуулах ёстой. Тиймээс сургуулийн захиргаа, эцэг эх, хүүхдийн хооронд гурвалсан гэрээ байгуулж, харилцан тодорхой үүрэг хүлээж, хэрэгжүүлж ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Мөн Аймгийн боловсролын салбарын удирдлагын чадавхийг дээшлүүлж, багшлах боловсон хүчнийг сургаж чадавхижуулах, түүний дотор монгол хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх, багш нарыг ажлын байранд нь хөгжүүлэх, сонгон шалгаруулах, дүгнэж, урамшуулах болон хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй байгаа юм. Сурагчдын мэдлэгийн түвшинг тодорхойлох хөндлөнгийн үнэлгээний хяналтын систем, аргачлалыг нэвтрүүлэх, Монгол Туркийн хамтарсан сургууль, Монгол Оросын хамтарсан сургууль зэрэг тэргүүний сургуулиудын туршлагыг судалж, аймаг орон нутагт нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, Суралцах, хөдөлмөрлөх эрх хангагдсан, сэтгэл ханамжтай үр бүтээлтэй ажиллах эрүүл, аюулгүй сургалтын орчин бүрдүүлэх, сурах бичгийн хангамжийг сайжруулах гээд хийх ажил маш их байна. Миний энэ зөвлөмжийг аймаг орон нутгийн удирдлагууд хүлээж авч хамтран ажиллаж байгаад баяртай байгаа.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Баян-Өлгий аймгийнхны хувьд бас нэг тулгамдсан асуудал бол үер усны гамшиг. Хэлж ирдэггүй байгалийн гамшиг дахиад ч тохиолдохгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Үерийн далан барих асуудал ямар түвшинд байгаа вэ?

-Үнэхээр сэтгэл зовоосон асуудал бол үер усны гамшиг. Сая нутгийн ахан дүүстэй уулзахад ч энэ талаар ярьж байна. Өлгий суманд бараг жил дараалан үер болж, маш их хэмжээний хохирол учирч байна. Өнгөрсөн онд гэхэд л 2 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан. Аймаг орон нутгийн удирдлагууд үер усны гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллаж, аймгийн төвийг тойруулан далан барьж байгаа ч хөрөнгө мөнгө их шаардлагатай. Нийтдээ 27 км үерийн далан барихад 31 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Эрдэнэт хүний амь нас, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас хөрөнгө мөнгөний асуудлыг шат дараатайгаар шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа.

-Ярилцсанд баярлалаа.