ЭРЧИМ ХҮЧНИЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ЗАГВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрт ЭСКО төслийг хэрэгжүүлэх зохицуулалтыг бий болгох, гэрээний загварыг боловсруулах талаар тусгагдсан.
Тус зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо нь ГОУХАН-ийн “Эрчим хүчний үр ашиг 3+” төсөл, төслийн зөвлөх Берлины Эрчим хүчний агентлаг, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, дотоодын хуулийн зөвлөх, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж улмаар өөрийн орны хууль эрх зүйн орчинд нийцсэн “Эрчим хүчний хэмнэлтийн ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний загварыг эцэслэн боловсруулж дууссаныг танилцуулж байна.
Энэхүү гэрээний загварыг Эрчим хүчний зохицуулах хороо албан ёсоор батлах эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд ЭСКо төслийг хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх, шинээр үүсч хөгжих мэргэжлийн үйлчилгээнд гэрээлэгч талуудад үүсч болох аливаа эрсдэлийг бууруулах, хэмнэлтийн төсөл арга хэмжээг ЭСКо төсөл хэлбэрээр хэрэгжүүлэхэд холбогдох талууд буюу ялангуяа ЭСКо компани, үүрэг хүлээсэн хэрэглэгчид шууд аваад ашиглах, гарын авлга зөвлөмж байдлаар ашиглах боломж нөхцөл бүрдэж байгаагаараа онцлог юм.
Дашрамд дурдахад Эрчим хүчний гүйцэтгэлийн гэрээ гэдэг нь эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, эрчим хүчний зардлыг бууруулах зорилгоор хэрэглэгч болон хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээд хоорхонд байгуулах ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ бөгөөд санхүүжилт болон мэргэжлийн нарийн төвөгтэй үйл ажиллагаанаас үүсэн гарч болох аливаа эрсдэлийг бууруулах, хэрэглэгчдэд үр бүтээлтэй мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх, ажил үйлчилгээний үр дүнд хэмнэлтээс бий болсон орлогоос холбогдох ажлын хөлсөө эргүүлэн авдаг гэрээ юм. Энэхүү гэрээний дагуу хэрэв тооцоолж буй эрчим хүчний хэмнэлтийг гаргаагүй бол тус мэргэжлийн байгууллага нь ажлын хөлсөө авдаггүйгээр онцлогтой юм
ТАТАХ -> ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ