Дэлхийн эрчим хүчний конгрессын үеэр Монголын эрчим хүчний өдөрлөг зохион байгуулагдав

2019 оны 09-р сарын 18
Дэлхийн эрчим хүчний конгрессын үеэр Монголын эрчим хүчний өдөрлөг зохион байгуулагдав

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан Дэлхийн эрчим хүчний 24 дүгээр конрессийн үеэр Монгол Улсын Эрчим хүчний яам,Азийн хөгжлийн банк, Дэлхий эрчим хүчний конгрессын Монгол салбар хорооноосхамтран Монголын Эрчим хүчний өдөрлөгийг зохион байгуулав. Тус арга хэмжээг нээж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн үг хэлж, Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Ази-Номхон бүс хариуцсан захирал Мураки болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрчим хүчний зөвлөл, Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийн төлөөлөгчид оролцож, илтгэл хэлэлцүүлэв.

Монголын өдөрлөгөөр Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги судалгааны ажлын танилцуулга хийгдэж, сонирхогч орнуудад Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хил дамнасан сүлжээний хөрөнгө оруулалт, бүс нутгийн эрчим хүчний худалдааг дэмжих чиглэлээр сонирхолтой илтгэлүүд тавигдлаа. Тус арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамны санаачлагаар Азийн хөгжлийн банкны дэмжлэг болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Ази мэдлэгийн сан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын санхүүжилтээр хэрэгжсэн Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах судалгааны ажлын эцсийн тайланг танилцуулав.

Дэлхийн эрчим хүчний конресс нь 3 жилд нэг удаа зохиогддог бөгөөд энэ удаагийн 24 дүгээр хуралд дэлхийн 72 орны эрчим хүчний сайд нар оролцлоо. Хуралдаанаар гол хөндсөн асуудлуудын сэдвээс дурдвал бүс нутгийн орнуудын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, хил дамнасан эрчим хүчний худалдааг ахисан түвшинд хүргэх, нүүрсний эрчим хүчнээс цэвэр эрчим хүчинд шилжих явцыг хурдасгах, сэргээгдэх эрчим хүчийг баттерей хураагууртай хослуулан хөгжүүлэх, дижитал технологийг эрчим хүчний салбарт түлхүү нэвтрүүлэх зэрэг байлаа.