УЛААНБААТАР ХОТЫН “ДУЛААН ТҮГЭЭХ, ХАНГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН УУЛЗАЛТ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019 оны 10-р сарын 28
УЛААНБААТАР ХОТЫН “ДУЛААН ТҮГЭЭХ, ХАНГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН УУЛЗАЛТ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Энэ сарын 25-ны өдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн  хурлын танхимд Улаанбаатар хотод дулаан түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл  эзэмшигчдийн уулзалт-зөвлөгөөн боллоо. Энэхүү уулзалт зөвлөгөөнийг Эрчим хүчний зохицуулах хороо, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөнд, “ДҮТ” ХХК,  “ОСНААУГ”, хувийн хэвшлийн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөлтэй 60 гаруй орон сууц ашиглалтын компаниудаас төлөөлөл оролцсон юм.

Уулзалт зөвлөгөөний үеэр 2019-2020 оны халаалтын улирлын оргил ачааллын үед  Нийслэлийн хэрэглэгчдийг чанартай, найдвартай дулаанаар хангах асуудлыг хэлэлцэж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд  хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл солилцсон юм. УБХЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн  дарга Т.Хэрлэн Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудаа танилцуулсан бол "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал  Г.Баярсайхан “ Дулаан дамжуулах, түгээх сүлжээний өнөөгийн байдал, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хэвийн хангах асуудлууд” Мөн "ОСНААУГ" ОНӨААТҮГ-ын Дэд дарга бөгөөд Ерөнхий инженер С.Батмөнх “2019-2020 оны халаалтын улиралд хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр хангах төлөвлөгөө, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, техникийн бэлэн байдал” сэдвээр танилцуулга хийлээ. Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 2019-2020 оны халаалтын улирлын горим ажиллагаа, худалдан авах дулааны эрчим хүчний төлөвлөлт, түүний биелэлтийн талаар "ДҮТ" ХХК-ийн дулааны горим төлөвлөлтийн инженер Г.Мягмаржав оролцогчдод мэдээлэл өглөө.

Хороонд ирсэн дулаан түгээх, хангах үйл ажиллагаатай холбоотой хэрэглэгчдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн мэргэжилтэн Э.Чинзориг  танилцуулга хийсэн байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарах асуудлууд, Хороонд ирсэн дулаан түгээх, хангах үйл ажиллагаатай холбоотой хэрэглэгчдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар танилцуулга хийж илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Эрчим хүчний зохицуулах хорооноос “Дулаан орчин хэрэглэгчийн ая тух” сэдэвт хоёр сарын аяныг Нийслэлийн Захирагчийн алба, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг уламжлалтай.  Энэхүү аяныг энэ оны 12 дугаар сараас зохион байгуулж, хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг барагдуулах, дулааны хангамжийн чанарыг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна.