Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн нэр бүхий стандартуудыг орчуулан улмаар үндэсний стандарт болгон батлуулахаар Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран ажиллаж байна.
Эрчим хүчний менежментийн тогтолцооны ISO 50000 болон эрчим хүчний аудитын стандартын цувралууд, Олон улсын цахилгаан техникийн хороо (IEC)-ны эргэлдэгч цахилгаан машин, хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүр, хүчний трансформаторын алдагдал, үр ашгийг тодорхойлох нэр бүхий нийт 11 стандартыг орчуулан, холбогдох яамд, агентлаг болон мэргэжлийн байгууллагуудын дунд хэлэлцүүлгүүд зохион байгуулж, салбарын мэргэжилтнүүд, Зөвлөх инженерүүдийн санал, шүүмжийг тусган боловсруулсан. Эдгээр стандартуудаас Eвропын холбооны (EN)-ийн эрчим хүчний аудитын стандартын цувралууд, IEC-ийн эргэлдэгч цахилгаан машины алдагдал, үр ашгийг тодорхойлох, хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүрийн үр ашгийн ангилал, хүчний трансформаторын эрчим хүчний үр ашгийг тодорхойлох доорх нэр бүхий нийт 6 стандартуудыг СХЗГ-ын Эрчим хүчний техникийн хороогоор хэлэлцүүлэн 2019 оны 10 дугаар сарын 28 өдрийн Стандарт, хэмжилзүйн газрын даргын тушаалаар үндэсний стандарт болгон батлууллаа.
Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эдгээр стандартуудыг үндэсний стандарт болгон нэвтрүүлснээр эрчим хүчний хэрэглээний бүх түвшинд үр ашиг, хэмнэлтийг бий болгож, үйлдвэрлэл, үйлчилгээний үр ашиг, бүтээмж дээшлэх, үргүй зардал буурах, өсөн нэмэгдэж буй дотоодын эрчим хүчний хэрэглээний тодорхой хувийг хангах, улмаар улс орны эдийн засаг, бизнесийн өрсөлдөх чадвар дээшлэх, тогтвортой хөгжлийг хангах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр болох юм.