ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019 оны 11-р сарын 15
ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН  НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН  БОЛЛОО

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос  эрчим хүч хэмнэлтийн бодлого, хууль эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилт, эрчим хүчний салбарын өнөөгийн байдлын талаар үүрэг хүлээсэн хэрэглэгчид /ҮХХ/-ийг мэдээллээр хангах, техник технологи, амжилттай хэрэгжүүлж буй шилдэг туршлага, төслийг танилцуулах, санал солилцох, хамтын ажиллагааг сайжруулах, хэрэгжүүлж болохуйц арга хэмжээ, шийдлийг хэлэлцэх зорилгоор “Чингэс” зочид буудалд  “ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН  НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН” зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг  Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нээж  үг хэлсэн юм. Тэрээр “Эрчим хүчний зохицуулах хорооноос энэхүү уулзалт-зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье.  Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль батлагдсанаас хойш эрчим хүчийг хэмнэх, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээний бүхий л түвшинд үр ашгийг дээшлүүлэх, хууль, эрх зүй, зохицуулалтын орчин бүрэн бүрдэж, эрчим хүч хэмнэлтийн бодлогын талаар бүх талууд нэгдсэн ойлголттой болсон билээ. Бид өнгөрсөн хугацаанд Эрчим хүч хэмнэлтийн 151 менежер, эрчим хүчний 82 аудитор, магадлан итгэмжлэл бүхий 10 байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн 70 хувь нь эрчим хүчний аудит хийлгэн тодорхой үр дүн гарган ажиллажээ. Цаашид эрчим хүч хэмнэх ажлаа тогтвортой, нэгдсэн бодлогоор зөв хэрэгжүүлж эрчим хүчний бодит хэмнэлтийг бий болгох нь чухал байна. Эрчим хүчний зохицуулах хороо энэ оноос эхлэн үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн хуулийн хэрэгжилт, хүрсэн үр дүнг дүгнэж, ил тод мэдээлж ажиллах бөгөөд хүчин чармайлт гаргаж, үр дүнтэй ажиллаж буй хэрэглэгчийг дэмжиж хамтран ажиллахдаа таатай байх болно. Харин хууль, журмыг хэрэгжүүлэхгүй байгаа, хангалтгүй биелүүлсэн аж ахуйн нэгжтэй хуулийн хүрээнд хариуцлага тооцож ажиллахыг онцлон хэлье”  хэмээсэн юм.

Энэхүү зөвлөгөөнд 2016-2019 онуудад Эрчим хүчний зохицуулах хорооноос тодорхойлж, бүртгэсэн Үүрэг хүлээсэн 229 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй холбоотой үзэсгэлэн гаргаж, Эрчим хүч хэмнэлтийн хууль, журмын хэрэгжилт, Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн үүрэг оролцоо, хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Мөн энэ үеэр “Чингэс” зочид буудал, “Ачит ихт” ХХК, 143-р сургууль  зэрэг байгууллагууд эрчим хүч хэмнэж байгаа сайн туршлагаасаа танилцууллаа. Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний 53 орчим хувийг 200 гаруй томоохон аж ахуйн нэгжүүд хэрэглэдэг.  Эрчим хүчний хуулийн дагуу эдгээр аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүч хэмнэх үүрэг  хүлээн ажиллаж байна. Хэрвээ эдгээр аж ахуй нэгжүүд эрчим хүчний  бодитой хэмнэлт гаргаж  чадвал жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн цахилгаан  эрчим хүч хэмнэж чадах юм.