“ШАРЫН ГОЛ” ХК-ИЙН НҮҮРСНИЙ ҮНИЙГ СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 35 ХУВИАР НЭМСЭН

2020 оны 01-р сарын 14
“ШАРЫН ГОЛ” ХК-ИЙН НҮҮРСНИЙ ҮНИЙГ СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 35 ХУВИАР НЭМСЭН

 Өнөөдөр Шарын голын нүүрсний уурхайн үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар баатар Эрчим хүчний зохицуулах хорооны үүдэнд мэдэгдэл хийж, нүүрсний үнийг нэмэгдүүлэх шаардлага тавьлаа. Энэ дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос дараах мэдээллийг өгч байна. Үүнд:

Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифын тэнцвэртэй байдлыг хангаж ажилладаг бөгөөд эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагааны зардлыг бодит өртөгтэй уялдуулан хянаж баталдаг. Мөн  Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-д заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг баталж, тооцоог зөвхөн хянадаг юм.  Эрчим хүчний зохицуулах хорооноос Шарын голын уурхайн нүүрсний үнийг 2016 онд 6.500.0 төгрөгөөр, 2018 онд 2.000.0 төгрөгөөр, 2019 онд 2.000.0 төгрөгөөр, сүүлийн 4 жилийн дүнгээр авч үзвэл нийт 10.500.0 төгрөг буюу 35.0 хувиар нэмэгдүүлж, 40.500 төгрөг байхаар тооцоог хянасан. Бусад уурхайн нүүрсний үнээс Шарын голын нүүрсний уурхайн үнэ өндөр өртөгтэй байдаг. Тодруулбал, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн 1 тонн нүүрсийг 29070 төгрөг, Багануурын уурхайн нүүрсний үнэ 30500 төгрөг байна. Гэтэл Шарын голын уурхай болон уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс нүүрсний үнэ бодит өртгөөс 4.000-6.000 төгрөгөөр бага байгаа, нэмж өг гэдэг хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргаж байгаа боловч хуулийн дагуу үнэ тарифын саналаа ирүүлээгүй, үнэ нэмэх үндэслэлээ нотлоогүй учир Эрчим хүчний зохицуулах хороо тус компанийн нүүрсний үнийн тооцоог дахин хянах боломжгүй байна.  Нөгөө талаар тус уурхайн нүүрсний үнийг нэмэгдүүлснээр 4-6 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого шаардагдах тул хэрэглэгчийн цахилгааны үнийг кВт.ц   тутамд 2.0 төгрөгөөр нэмэгдүүлэх бодит шаардлага үүсэх тооцоотой байна гэжээ.