Эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн төв шинэ лабораториудтай боллоо

2020 оны 05-р сарын 19
Эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн төв шинэ лабораториудтай боллоо

 ХБНГУ- ын Засгийн газрын долоон сая еврогийн санхүүжилтээр  1999-2006 оны хоорондГОУХАН-ийн төсөл хэрэгжүүлж сургалтын танхим болон лабораториудын тоног төхөөрөмжийг суурилуулах, шинэчлэх, сургагч багш нарыг бэлтгэх, сургах, сургалтын материал орчуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг хийж 10 сургалтын лабораторийг шинээр бий болгосон. Гэвч Сургалт үйлдвэрлэлийн төв нь уг лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглаад  20-оод жил өнгөрсөн. Технологийн хувьд хуучирч, элэгдэх, орчин цагийн сургалтын хэрэгцээ шаардлагыг зарим талаар хангахгүй байх нөхцөлүүд үүсэж байсан хэдий ч Германы эдийн засаг хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/,Эрчим хүчний хэмнэлт үр ашиг 3+, Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь төслийн дэмжлэгтэйгээр үйлдвэрлэлийн процессын автоматжуулалт /PLC/-ын лаборатори, эрчим хүчний хэмнэлтийн менежерийн сургалтад ашиглагдах хэмжүүрийн багажнууд,  Цахилгаан гэрэлтүүлгийн угсралтын ур чадвар эзэмших самбар /стенд/, Цахилгааны монтаж угсралтынсамбар /стенд/, Цахилгаан хэмжил зүйн хэмжилтийн самбар /стенд/, Электроникийн эд анги /элемент/-ийн туршилтын самбар /стенд/, Ажлын биеийн температур хэмжих сургалтын самбар /стенд/, Шугам хоолойн дулаан тэлэлтийг хэмжих сургалтын самбар /стенд/,мөн цахилгаан техникийн онолын сургалтад ашиглагдах багаж зэргийг Сургалт үйлдвэрлэлийн төв шинээр хүлээн авлаа.

Мэргэжлийн сургалтын лабораторийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж, төслийн удирдагч Дэвид Ханкок төслийн зөвлөх С.Цэцэгээ, Эрчим хүчний хөгжлийн төвийн ерөнхий инженер Л.Батхүү болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нийтдээ зургаан төрлийн 13 ширхэг стенд, 8 төрлийн 43 ширхэг тэжээл үүсгүүр болон хэмжүүрийн багаж хэрэгсэл, компьютер, канон зэргийг нийлүүлснээр сургалтын бааз суурь шинэчлэгдэн орчин үеийн сургалтын хэрэгцээ шаардлагыг хангасан лабораториудтай болж мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, дадлагажуулах нөхцөл боломж бүрдлээ.