АЙМГИЙН ТӨВ БОЛОН АРВАН МЯНГААС ДЭЭШ ХҮН АМТАЙ СУМ СУУРИН ГАЗРЫН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ОРОЙ, ШӨНИЙН ТАРИФЫГ 100 ХУВИАР ХӨНГӨЛЛӨӨ

2020 оны 10-р сарын 13
АЙМГИЙН ТӨВ БОЛОН АРВАН МЯНГААС ДЭЭШ ХҮН АМТАЙ СУМ СУУРИН ГАЗРЫН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ОРОЙ, ШӨНИЙН ТАРИФЫГ 100 ХУВИАР ХӨНГӨЛЛӨӨ

Өнөөдөр эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлехан, Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” шинэчлэгдэн батлагдсан байдаг. Уг журамд Агаарын тухай хуулийн 14.1-д заасан нөхцөл шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлж байсан. Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017-2019 онуудад нийт 29.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Мөн түүнчлэн 2020 оны 1-3 саруудад 11.9 тэрбум төгрөгийг хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлсэн байна.

Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журамд өөрчлөлт оруулан 50 хувиар хөнгөлж байсныг 100 хувиар тооцож хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргалаа. Эдгээр айл өрхийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 4.7 тэрбум төгрөг зарцуулагдана.

Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод 117 мянган айл өрх, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудад 72 мянган айл өрх, нийт 189 мянган гэр хорооллын айл өрх 100 хувийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болсон.

Гэр хорооллын хэрэглэгчдэд үзүүлэх тарифын хөнгөлөлт нь агаарын бохирдлыг бууруулах, мөн гэр хорооллын айл өрхийн хэрэглэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гол зорилготой. Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифт хөнгөлөлт үзүүлснээр 220 В-ын хүчдэлийн түвшинтэй 1 өрх сард дунджаар 80000 төгрөгийн, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй 1 өрх сард дунджаар 160000 гаруй төгрөгийн хөнгөлөлт авах бүрэн боломж бүрдэж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын дээрх журмын дагуу стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.

Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт Төв, Зүүн, Өмнөд, Баруун бүс болон Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний системийн нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын тарифт тоолууртай өрхийн 1, 2, 3, 11, 12 дугаар саруудын оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлж байгаа юм.