Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2018 онд гүйцэтгэсэн ажлын тайлан, Эрчим хүчний салбарын 2018 оны үйл ажиллагааны дүнг Эрчим хүчний яам болон эрчим хүчний үйлдвэр, компаниудад танилцууллаа.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны тайлангийн хуралд Эрчим хүчний яамны удирдлагууд, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, зохицуулагч Д.Бассайхан, Э.Түвшинчулуун, У.Мягмарсүрэн, Б.Амарсанаа тэргүүтэй удирдах албаны хүмүүс, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 124 компанийн 200 орчим төлөөлөл оролцсон юм.
Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан тайлангийн хурлыг нээж хэлсэн үгэндээ "Эрчим хүчний сайдын тушаалаар 2018 оныг "Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгосонтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос тодорхой төлөвлөгөө гарган, 545 үйл ажиллагааг зохион байгуулж, 33.2 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 60.8 мянган Гкал дулааны эрчим хүч хэмнэж, нийтдээ 7.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд нийт 20 ах ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, үүрэг, даалгавар, зөвлөмж өгч ажиллалаа. Эрчим хүчний салбарыг өрсөлдөөнт зах зээлд шилжүүлэх, эдийн засгийн хөшүүрэг бий болгох зорилт дэвшүүлэн "Урамшуулалт зохицуулалтын журам”-ыг баталж, төвийн бүсийн томоохон 12 компанитай "Урамшуулалт зохицуулалтын гэрээ”-г байгуулан, эрчим хүчний салбарт 9.0 тэрбум төгрөгийн үр ашгийг бий болгов. Мөн дулааны цахилгаан станцуудын энергийн тарифыг урамшуулах зарчмаар тогтоосноор хэрэглээний өсөлт болох 270.4 сая кВт.ц цахилгааны 92.4 хувийг дотоодын цахилгаан станцуудаас хангаж, 28.9 тэрбум төгрөгийн импортын эрчим хүчийг хэмнэлээ. Түүнчлэн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал 45.4 сая кВт.ц-аар буурч, 5.9 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан байна” хэмээн онцолж байсан юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдийг 2018-2019 оны халаалтын улиралд ая тухтай өвөлжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Дулаан орчин хэрэглэгчийн аян” зохион байгуулж, орон нутгийн болон хувийн хэвшлийн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэглэгчдийн санал, гомдлыг барагдуулж ажиллав. Тус хороонд 2018 онд нийт 2123 хэрэглэгчийг хамарсан 201 өргөдөл гомдол ирсэний 53 хувь буюу 107 нь цахилгаан, 41 хувь буюу 83 өргөдөл нь дулааны эрчим хүчний асуудалтай холбоотой байна. Хэрэглэгчдээс ирсэн өргөдөл гомдлыг судлан шалгаж, хэрэглэгчээс 90.3 сая төгрөгийг илүү нэхэмжилсэн болохыг тогтоож, хэрэглэгчдэд буцаан олгожээ. Хурлын үеэр Эрчим хүчний салбарын 2018 оны үйл ажиллагааны нэгдсэн дүнгийн талаар Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулсан юм. Эрчим хүчний зохицуулах хорооноо жил бүр эрчим хүчний компани, аж ахуйн нэгж байгууллагуудад тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тодорхойлж өгдөг бөгөөд 2018 онд "ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК нь эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж, 382,6 сая төгрөгийн болит хэмнэлт гаргаж, авлагын хэмжээг 1.1 тэрбум төгрөгөөр бууруулсан. "ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК нь цахилгаан түгээлтийн алдагдлыг зорилтот түвшингээс 2.0 нэгжээр, эрчим хүчний өглөгийг 2.1 тэрбум төгрөгөөр тус тус бууруулан, худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрийг 101.9 хувь төвлөрүүлсэн үзүүлэлтээр эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг тэргүүлсэн байна.
Мөн "Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил”-ийн хүрээнд ЭХЗХ-оос хийсэн ажлын тайланг Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал танилцуулга хийлээ. Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил”-д бага зардлаар эрчим хүчний алдагдлыг төлөвлөгөөнөөс болон урд оны хүрсэн түвшингээс бууруулж, эрчим хүчний зардлыг хэмнэн, шинэ техник технологийг орон нутагт нэвтрүүлж байгааг үнэлж 2018 оны "ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛСЭН ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар "ХӨВСГӨЛ ЭРЧИМ ХҮЧ” ХХК, "БАЯНХОНГОР ЭРЧИМ ХҮЧ” ЦТ ХХК тус тус шалгарсан байна.
Тайлант онд улсын хэмжээнд 6.6 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 9.4 сая Гкал дулаан үйлдвэрлэж, татвар шимтгэлд нийтдээ 289.1 тэрбум төгрөг төлжээ. Өмнөх онтой харьцуулахад 2018 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 9.4 хувь, дулааны эрчим хүчний хэрэглээ 4.8 хувиар тус тус өсч, импортын эрчим хүч 161.2 сая кВт.ц буюу 10.6 хувиар нэмэгджээ. Эрчим хүчний борлуулалтын орлого 2017 онд 854.9 тэрбум төгрөг байсан бол 2018 онд хэрэглээний өсөлтөөс шалтгаалан 952 тэрбум болон 97.2 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Гэвч 2018 онд эрчим хүчний салбарын хэмжээнд 18.9 тэрбум төгрөгийн балансын алдагдалтай ажиллажээ.
Тайлангийн хуралд оролцсон эрчим хүчний компанийн удирдлагууд "Цахилгаан эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө 25 хувиар, дулааны эрчим хүчний үнэ 2 дахин хямд байгаа нь эрчим хүчний салбарт эдийн засгийн алдагдал үүсэх нөхцөл бүрдүүлсэн байна” хэмээн ярьж байсан юм.