Барилгын гадна ханын болон хашлага бүтээцийн дулааныг хэвийн горимд барих, дулаан тусгаарлах зорилгоор 20°С температурт 0,175Вт/(м°C)-с ихгүй дулаан дамжуулалтын итгэлцүүртэй байх нөхцлийг хангасан материалыг дулаан тусгаарлах материал гэнэ. Дулаан тусгаарлах материалыг хэрэглэснээр барилгын жинг хөнгөрүүлэх, өртгийг хямдруулах, ханын зузааныг нимгэрүүлж, дулааны энергийг хэмнэдэг. Орчин үед шилэн хөвөн, чулуун хөвөн, хөвөн даавуу, целлойд, вакуумжуулсан давхар шил, EPS ба XPS хөөсөн полистирол хавтан, полиуретан, вермикулит, перлит, мод ургамлаас гаралтай мяндас (олс, маалинга, хөвөн, үйс гэх мэт), сүрэл, шар шавар, хонины ноос зэрэг олон төрлийн дулаалгын материал хэрэглэж байна.
Дулаалгын материалд дараах үндсэн шаардлагууд тавигдана.
Ус чийг, температурын өөрчлөлтөнд тэсвэртэй байх
Материал бүрийн дулаан тусгаарлах чанар харилцан адилгүй. Дулаалгын материал сүвэрхэг, хөвсгөр, хөнгөн байх тусам дулааныг сайн тусгаарлана. Чулуун хөвөн /эрдэс хөвөн/, шилэн хөвөн, хөөсөн полистирол хавтан зэрэг дулаалгын материал нь дулаан сайн тусгаарладаг. Дулаан тусгаарлах материалыг үндсэн түүхий эдийн төрлөөр нь органик, эрдсэн /органик бус/, холимог, бүтцээр нь сийрмэг, утсархаг, ширхэглэг, асгаасан гэж ангилдаг.
Органик материалд дулаан тусгаарлах чанар, эдэлгээ даах чадвараараа түгээмэл хэрэглэгдэж байгаа хөөсөн полистирол хавтан, полиуретанаас гадна зоргодсон хавтан, XPS хавтан, мяндсан хавтан /органик зоргодос ба эрдэс холбогч/ боловсруулсан мод, үртэс, пластмассууд- пенопласт, сотопласт хамаарна. Эдгээр материалууд нь ус даах чадвар багатай, хөгцрөлд тэсвэргүй, шатамхай байдаг.
Органик бус материал-
Эрдэс хөвөн, чулуун хөвөн, хөнгөн бетон /хийт бетон, хөөсөн бетон/, хөөсөн шил, хөөлгөсөн перлит болон бусад хиймэл чулуу эсвэл эрдэс бодис дээр суурилсан материалууд юм. Органик бус дулаалгын материалууд нь шатдаггүй, удаан эдэлгээтэй, байгальд ойр, угсралт, суурилуулт хийхэд тохиромжтой, уур нэвтрүүлэх чанар сайтай, дулаан болоод дуу тусгаарлах чадвар өндөртэй.
Асбестан /шөрмөсөн/ хавтан, шөрмөсөн цаас, эсгий, хөөлгөсөн уулын чулуулга, галт уулын шаарга, вермикулит ба перлит зэрэг эрдэс холбогч дээр суурилсан материалууд ордог ба дулаан тусгаарлах чадвар өндөртэй, шатдаггүй, чийгийг шингээдэггүй зэрэг давуу талтай.
Дулаалгын материалыг сонгохдоо дараах зүйлүүдийг анхаараарай
1) Дулаан тусгаарлах материалын техникийн шинж чанар
Нягт, бат бэх, чийглэг, уур ус нэвтрүүлэх чанар, хүйтэн тэсвэрлэлт, гал тэсвэрлэх чадвар, дулаан дамжуулалт зэрэг нь дулаан тусгаарлах материалын үндсэн шинж чанарын үзүүлэлтүүдэд ордог.
Дулаалгын материалын үндсэн үзүүлэлт нь дулаан дамжуулалт юм. Энэ үзүүлэлт бага байх тусам дулаан тусгаарлалт сайтай байдаг ба дулаалгын материалын зузаан багасдаг. Дулаалгын материалын дулаан дамжуулалтыг коэффициентээр илэрхийлдэг. Энэ нь нэг м куб ханаар 1 хэмийн зөрүүтэй температуртай үед хичнээн хэмжээний дулаан нэвтрэн өнгөрөхийг тодорхойлсон үзүүлэлт юм. Тухайлбал хөөсөн полистирол хавтангийнх 0.044Вт/(м°C) бол тоосгоных 0.7 Вт/(м°C) байдаг. Энэ нь тоосго дулааныг хөөсөн полистирол хавтангаас 15 дахин илүү дамжуулдаг буюу дулааныг төдий хэмжээгээр алддаг гэсэн үг.
Дулаалгын материалын нэр |
Дулаан дамжуулалтын коэффициент Вт/(м°C) |
Нягт кг/м3 |
Уур нэвтрүүлэх чанар мг/(м.ч.Па) |
Шатдаг материалын ангилал |
Чулуун хөвөн /Эрдэс хөвөн/ |
0,035-0,045 |
40-125 |
0,38-0,60 |
ШҮ шатдаггүй |
Шилэн хөвөн |
0,038-0,045 |
15-100 |
0,53 |
Ш1 бага зэрэг |
Хөөсөн полистирол /EPS/ хавтан |
0,036-0,050 |
25-50 |
0,02-0,05 |
Ш3-Ш4 шатдаг |
XPS хавтан |
0,029-0,031 |
30-50 |
0,02 |
Ш2 бага зэрэг |
Хөөсөн шил |
0,066-0,073 |
100-250 |
0.035 |
Ш2 бага зэрэг |
Пенополиуретан |
0.029-0.042 |
40-80 |
0,04-0,05 |
Ш3 дунд зэрэг |
Ноосон дулаалга |
0,039-0,042 |
30-40 |
0,35 |
ШҮ шатдаггүй |
2) Дулаалгын материалын зузаан
Дулаалгын материалын зузаан
Барилгын ба дулаалгын бүтээцийн дулаан дамжуулалтын тооцооны үндсийг БНбД 23-02-09 “Барилгын дулаан хамгаалалт” нормд тусгасан байдаг.
Байшин сууцандаа өвөлдөө дулаан, зун сэрүүхэн байлгая гэвэл хаших хийц болох хана, шал, дээврийн дулааны эсэргүүцэл нь тавигдах шаардлагын дагуу байх ёстой. Энэ үзүүлэлт нь тухайн газар нутгийн цаг уурын онцлог, дундаж температур, чийгшлээс хамаарч өөр өөр байдаг.
Дулаалгын материалын зузааныг тооцоогоор олох ба дараах үндсэн хүчин зүйлээс хамаарна:
-дулаалгын материалын дулаан дамжуулалт
-уур амьсгалын бүс
-хаших хийцийн материалын дулаан дамжуулалтын зэрэг
-ханын зузаан
Орчин үед олон үет ханатай барилгын үйлдвэрлэл зонхилж байгаа ба даацын хананаас гадна дулаалгын, заслын үетэй болсон бөгөөд үе болгон өөрийн зузаантай тодорхойлогдох ёстой.
Дулаалгын материалын зузааныг тодорхойлохын тулд эхлээд даацын ханын үндсэн материал, дулаалга, заслын материалаа сонгосон байх ёстой ба хашлага хийцийн дулааны эсэргүүцлийг тодорхойлдог дараах томъёог ашиглаж болно.
R=p/k
R-дулааны эсэргүүцэл
р-үеийн зузаан м-р
k-дулаан дамжуулалтын коэффициент
Жишээ нь:
Орон сууцны 380мм зузаантай тоосгон ханыг ямар зузаантай эрдэс хөвөнгөөр дулаалах тооцоо хийе.
1) Тоосгон ханын дулааны эсэргүүцлийг тооцох. Ханын зузаан 38 см буюу 0,38м. Тоосгон өргийн дулаан дамжуулалтын коэффициент 0,56Вт/(м°C)
Дээрх томъёогоор
R=0,38/0,56=0.68- тоосгон хананы дулааны эсэргүүцэл
2) Орон сууцны хашлага бүтээцийн дулаан дамжуулалтын эсэргүүцлийн нормчлогдсон утгыг нормын хүснэгтээс 3,5м2°С/Вт-р сонгож авъя. Энэ үзүүлэлтээс тоосгон хананы дулааны эсэргүүцлийг хасахад 3,5-0,68 = 2,82 болно.
3) Эрдэс хөвөнгийн зузааныг тодорхойлъя. Эрдэс хөвөнгийн дулаан дамжуулалтын коэффициент 0,045 Вт/(м°C) бол зузаан нь: 2,82*0,045 = 0,1269 м буюу 12,7 см болно.
Шаардлагатай эрдэс хөвөнгийн зузаан 13 см-с багагүй байх тооцоо гарлаа.
3) Дулаалгын материалын хэрэглэх хүрээ
Барилгын гадна, дотор тал, ямар хийцийг дулаалах, ашиглалтын нөхцлөөс хамаарч дулаалгын материалыг сонгоно.
Дулаан тусгаарлах материалыг ашиглах хүснэгт:
|
Чулуун хөвөн |
Эрдэс хөвөн |
Перлит |
Керамзит |
Хөөсөн полистирол EPS |
Маалинга |
Модлог материал |
Дээвэр |
болно |
болно |
болно |
үгүй |
болно |
болно |
болно |
Тусгаарлах хана |
болно |
болно |
болно |
үгүй |
үгүй |
болно |
болно |
Хучилт |
болно |
болно |
болно |
үгүй |
болно |
болно |
болно |
Битүү хана |
болно |
болно |
болно |
үгүй |
болно |
үгүй |
болно |
Гадна хана |
болно |
болно |
үгүй |
үгүй |
болно |
үгүй |
үгүй |
Гадна ханын дотор тал |
болно |
болно |
үгүй |
үгүй |
болно |
болно |
болно |
Суурь, хөрс |
болно |
болно |
болно |
болно |
болно |
үгүй |
үгүй |
4) Дулаалгын материалын дагалдах гэрчилгээ, хаяг шошго-
Дулаалгын материалын савлалт, багцлалт, марклалт нь тухайн материалын техникийн шаардлагын стандартын дагуу хийгдэх ёстой. Та дулаалгын материалаа үнэ хямдыг нь биш чанартайг нь сонгож аваарай. Дагалдах чанарын гэрчилгээтэй, итгэмжлэгдсэн лабораторийн сорилт шинжилгээний үр дүнтэй, баталгаажуулалтанд хамрагдсан тохирлын гэрчилгээтэй үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгож авбал найдвартай.
Чанарын гэрчилгээнд дараах мэдээллийг агуулсан байдаг:
Дулаалгын материалын нэр |
Үйлдвэрлэх арга |
Давуу тал |
Сул тал |
Чулуун хөвөн |
Чулуун хөвөн нь уулын чулуулаг болох диабазыг хайлуулж, шингэн мяндас болгох замаар үйлдвэрлэдэг. |
|
|
Шилэн хөвөн |
Силикатын агууламж өндөртэй элс, шохойн чулуу, содын уусмалыг 700-800°С-д хайлуулж дараа нь сэвсгэр утсархаг байдалд шилжүүлэн гаргаж авсан хөнгөн сийрэг бүтэцтэй дулаан тусгаарлах материал юм. |
|
|
Хөөсөн шил |
Шилний нунтагийг хий үүсгэгчтэй хайлуулах замаар гаргаж авдаг. |
|
|
Хөөсөн полистирол EPS хавтан |
Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн болох EPS -ийн төрлийн пенополистролын үрлийг өндөр даралтын уурын орчинд хөөлгөн том гулдмай хэлбэрээр гарган авч янз бүрийн зузаантайгаар хавтан болгож зүсч бэлтгэдэг. |
|
|
Хөөсөн полиуретан |
Хөөсөн полиуретан нь шингэн дулаан тусгаарлагч материал юм. Агаартай холилдсоноор маш жижиг дисперсэн агаарын бөмбөлөг үүссэнээр ямарч газар хэрэглэж болдог. |
|
|
Перлит |
Галт уулын чулуулгийг бутлан шатааж үйлдвэрлэдэг ба халаах явцад хэд дахин өсдөг. |
|
|
Хонины ноосон дулаалга |
Хонины ноосыг боловсруулж гаргадаг ба нэг чиглэлд эмх замбараатай зулагдах ширхгүүдийг зүүгээр шивж орооцолдуулсан байх тул тодорхой хэмжээгээр биежсэн байдаг. |
|
|
Бүх талаараа төгс дулаалгын материал гэж байхгүй, тухай бүрдээ өөрсдийн давуу ба сул талтай.
Дулаалгын материалыг сонгохдоо үндсэн шинж чанарын үзүүлэлтүүд, давуу талуудыг судлаарай. Орчин үеийн барилгын үйлдвэрлэлд хөөсөн полистирол хавтан, бусад полимер материалыг ихээр хэрэглэж байгаа нь тэдгээрийн үнэ хямд, угсрахад хялбар, дулаан дамжуулалтын үзүүлэлт нь сайн байгаатай холбоотой ба эдгээр материалын хүний биед хор нөлөө үзүүлэх байдал, галд шатдаг эсэхийг сонирхдоггүй. Манай орон шиг өвөлдөө хүйтэн, зундаа халуун цаг агаарын бүс нутагт барилгын дулаалгын материалын сонголт дээр ихээхэн анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй ба хамгийн үр ашигтай, эрчим хүчний хэмнэлттэй, эко, хүний эрүүл мэндэд хоргүй, галын аюулгүй дулаалгын материалыг сонгохыг зөвлөж байна.
Эх сурвалж: https://barilgachin.mn/blog/1/post/64