ГЭР ХОРООЛЛЫН ЦАГИЙН ЯЛГАВАРТ ТАРИФТ ТООЛУУРТАЙ ӨРХИЙН ОРОЙ, ШӨНИЙН ЦАГТ ХЭРЭГЛЭСЭН ЦАХИЛГААНЫ ТАРИФТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТОГТООЛ БАТЛАГДЛАА

2021 оны 11-р сарын 02
ГЭР ХОРООЛЛЫН ЦАГИЙН ЯЛГАВАРТ ТАРИФТ ТООЛУУРТАЙ ӨРХИЙН ОРОЙ, ШӨНИЙН ЦАГТ ХЭРЭГЛЭСЭН ЦАХИЛГААНЫ ТАРИФТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТОГТООЛ БАТЛАГДЛАА

 Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Хорооны 34-р хурлаар:

Эрчим хүчний зохицуулах хорооны хурлын шийдвэрийн дагуу 2021 оны 11 сарын 1-ний өдрөөс эхлэн гэр хорооллын цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлнэ. Тодруулбал, Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу Улаанбаатар хотын 9 дүүрэг, нийт 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гэр хорооллын цагийн ялгаварт тарифт тоолууртай 150 гаруй мянган өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний  өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувь хөнгөлөх юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 27 өдрийн 487 дугаар тогтоолоор гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон ба үүнээс илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр заасан байна.

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх явцад хэрэглэгчид тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байхаас гадна цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын өрхөд цахилгааны ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгожээ.