-Эрчим хүчний зохицуулах хороо байгуулагдаад 20 жил болжээ. Энэ хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ хэр сайн биелүүлж ажилласан гэж та дүгнэдэг вэ?
- Эрчим хүчний тухай хуулийн дагуу 2001 онд шинээр байгуулагдсан Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний салбарын тогтвортой найдвартай ажиллагаа, санхүү эдийн засгийн бие даасан байдлыг хангах, зах зээлийн жишигт нийцсэн үнэ тарифын болон бизнесийн орчныг бүрдүүлж төлөвшүүлэх хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, амжилт бүтээл, алдаа оноо, сорилт, шийдлээр дүүрэн 20 жилийн түүхийг бүтээжээ. Эрчим хүчний зохицуулах хорооны 20 жилийн түүх бол Монгол Улсын эрчим хүчний салбарын 20 жилийн түүхтэй салшгүй холбоотой юм. Зохицуулах хорооноос гаргаж байгаа тогтоол, шийдвэр, дүрэм журам болгон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хэрэглэгчдийн эрх ашгийг хангаж, дэмжихэд чиглэж байсан гэдгийг өнөөдөр дурьдахад таатай байна. Эрчим хүчний салбар 2001 он хүртэл удирдлагын босоо тогтолцоотой, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн бүтэц, зохион байгуулалттай ажиллаж ирсэн. Тухайн үед АНУ-ын олон улсын Хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр Эрчим хүчний тухай хуулийн төслийг боловсруулж, 2001 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр УИХ-иар хэлэлцэн баталснаар эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд шилжих эрх зүйн орчин бүрдсэн гэж үздэг. Эрчим хүчний зохицуулах хороо өнгөрсөн 20 жилийн хугацаанд маш үр дүнтэй ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаа гэж миний хувьд үздэг. Бид зохицуулалтын байгууллага ямар байх ёстой, юу хийх ёстой, хэрхэн яаж ажиллах шаардлагатай вэ гэдэг тогтолцоогоо өнгөрсөн 20 жилийн хугацаанд босгож авсан. Одоо илүү боловсронгуй болгохоор шат дараалсан арга хэмжээ аваад ажиллаж байна. Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр 5-ны өдөр Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн хурлаар Диспетчерийн зохицуулалт хийх анхны тусгай зөвшөөрлийг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-д олгох шийдвэр гаргаж байсан бол өнөөдөр 183 хуулийн этгээдийн 10 төрлийн 365 тусгай зөвшөөрлийн зохицуулалтын асуудлыг хариуцан ажиллаж байна. 2001 онд Төрийн болон орон нутгийн өмчит 23 хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авч байсан бол өнөөдөр хувийн өмчит хуулийн этгээд 139, төрийн болон орон нутгийн өмчит 44 хуулийн этгээд тусгай зөвшөөрөлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тоо 2001 оноос 8 дахин нэмэгджээ. Станцуудын өргөтгөл, техникийн шинэчлэлтийн бодлогыг дэмжин ажиллаж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавьж ажилласны үр дүнд Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2001 онд 822.7 МВт байсан бол өнөөдөр 1523.3 МВт болж 411.8 МВт-аар нэмэгдсэн байна. Дулааны цахилгаан станцуудын түлшний хувийн зарцуулалт цахилгаанд 93 гр/кВтц-аар, дулаанд 7.2 кг/Гкал-иар, эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулах цахилгааны хувь хэмжээ 7.84 нэгжээр, дамжуулалт түгээлтийн алдагдал 23-16.6 хувь хүртэл буурчээ. Олон улсад хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн тасалдлыг тооцдог Исайди, Исайфи, Икайди индексүүдийг 2005 оноос нэвтрүүлэн тооцож эхэлсэн бөгөөд нэг хэрэглэгчид ногдох тасалдлын үргэлжлэх хугацаа 10 жилийн хугацаанд 6 дахин, нэг хэрэглэгчид ногдох тасалдыг давтамж 1.8 дахин, тасалдлын дундаж хугацааны индекс 3.6 дахин тус тус буурч эрчим хүчний найдвартай байдал дээшилсэн үзүүлэлттэй байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2016-2021 онд давхардсан тоогоор 101 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хамруулсан 50 удаагийн хяналт шалгалт хийж, 260 зөрчил илрүүлэн 247 үүрэг даалгавар, Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 23 албан шаардлагаар 121 үүрэг даалгавар өгч хэрэгжилтийг хангуулж ажилласан байна.
-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбарын эдийн засгийн үзүүлэлт хэр сайжирсан бэ?
-Эрчим хүчний зохицуулах газраас 2002 оны аравдугаар сард Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний зах зээлийг нэг худалдан авагчтай зах зээлд шилжүүлэн ажиллуулж эрчим хүчний салбарт үүсээд байсан өр авлагыг барагдуулах, санхүү-эдийн засгийн нөхцөлийг сайжруулах ажлыг жил бүр шат дараатайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 19 төрлийн үнэ тариф бодох аргачлалыг боловсруулан, үнэ тарифын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, чадлын болон энергийн тарифын тогтолцоог бий болгож, хэрэглэгчийн тарифын зохицуулалтыг 9 удаа хийсэн байна. Өнөөдөр цахилгаан, дулааны эрчим хүчний 10 ангилал бүхий тарифын загварыг боловсруулан баталж мөрдөж байна. Үүний үр дүнд эрчим хүчний салбарын борлуулалтын орлогын хэмжээ 1.4 их наяд төгрөг болж 15.7 дахин нэмэгдсэн. Эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдлыг бууруулах зорилгоор 2011 онд нийт 32.7 тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс авч байсан бол өнөөгийн байдлаар төвийн бүсийн хэмжээнд татаасгүй болж бусад бүсэд 16.6 тэрбум төгрөг болж 2 дахин буурсан үзүүлэлттэй байгаа.
-Та бол Эрчим хүчний зохицуулах хорооны тав дахь дарга. Мэдээж удирдах ажилтан бүрт өөрийн гэсэн ажлын арга барил бий. Таны хувьд юун дээр голлож ажилласан бэ?
-Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хангаж ажиллах ёстой байгууллага. Тиймээс маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч, Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр боловсруулахад хамтран ажилласан. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар сэргээгдэх эрчим хүчийг зах зээлийн зарчмаар оновчтой хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж байна. Мөн салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой ажиллагааг ханган, эрчим хүчний компаниудад урамшуулалт зохицуулалтыг хэрэгжүүлэх замаар салбарын өртөг, зардлыг бууруулахад анхаарч ажилласан гээд олон зүйл бий. Гэхдээ би үүнээс нэг л зүйлийг онцолж ярьмаар байна. Миний хувьд эрчим хүчний салбарт 45 дахь жилдээ ажиллаж байна. Үүний таван жилд нь гуравдугаар цахилгаан станцын ажилчин, үлдсэн 40 жилд нь ямар нэг удирдах ажил хийжээ.Би “ДЦС3” ТӨХК-д 20 жил, Эрчим хүчний удирдах газарт 12 жил, УИХ-ын гишүүнээр найман жил, Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар таван жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа “ДЦС 3” ТӨХК, Эрдэнэтийн ДЦС ТӨХК, Дорнодын ДЦС ТӨХК, Даланзадгадын ДЦС ТӨХК, Баруун бүсийн эрчим хүчний систем, Эрчим хүчний зохицуулах хороо гэсэн эрчим хүчний салбарын зургаан байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад гар бие оролцсон байдаг юм. Удирдах ажил хийсэн туршлагаасаа харахад манайхан “Асуудал хэцүү байна, төсөв зардал бага байна, ажил их байна” гээд хүнээ хаячихдаг. Хүнээ хөгжүүлэхгүйгээр, хөдөлмөрийг нь зөв үнэлж, дүгнэж, зохих ёсны урамшуулал, цалин хөлсийг өгөхгүйгээр, итгэл хүлээлгэж бас энэ хэрээр хариуцлага тооцдог тогтолцоог бий болгохгүйгээр хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй. Эрчим хүчний зохицуулах хороо нь хөгжлийн бодлогоо тодорхойлох, ажилтан, албан хаагчдынхаа мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, чадавхжуулах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилтынхоо хүрээнд Удирдлагын академитай хамтран зохицуулалтын гадаад, дотоод орчны шинжилгээнд үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны дунд хугацааны хөгжлийн стратегийн баримт бичиг, төлөвлөгөөг боловсруулан мөрдөж байна. Хөгжлийн стратеги нь Хорооны үйл ажиллагааны алсын хараа, эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл, зорилтуудыг тодорхойлон, гадаад орчны нөхцөл байдалд үйл ажиллагаагаа нийцүүлэх боломж бүрдүүлж, удирдлага,зохион байгуулалтыг оновчтой болгож, ажилтнуудын мэдлэг чадварыг хөгжүүлж, гадаад, дотоод түншлэл, хамтын ажиллагаа өргөжүүлэх зэргээр байгууллагын хэвийн, амжилттай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Хорооны мэргэжилтнүүдийг дотоод, гадаадад англи хэлний сургалтад хамруулах, улмаар өндөр хөгжилтэй улс орнуудын их, дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлэх боломжийг судлан, ХБНГУ, БНСУ, Австрали, АНУ, БНХАУ-д нийт 11 ажилтныг эрчим хүч, бизнесийн удирдлагын чиглэлээр тухайн улсын тэтгэлгээр сургаж байна. Төрийн байгууллагуудаас анх удаа нарны эх үүсвэрээр цахилгааны хэрэглээнийхээ 60 хувийг хангадаг эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын загварыг нэвтрүүлээд байна..
-Эрчим хүчний тухай хуулинд Эрчим хүчний зохицуулах хороо нь “тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэсэн заалт байдаг. Хэрэглэгч хямд үнээр эрчим хүч хэрэглэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрсдийн санхүүгийн чадавхиа сайжруулах хүсэлтэй байдаг нь дамжиггүй. Ийм нөхцөлд дээрх хоёр талын эрх ашгийг тэнцвэртэй хамгаална гэдэг хэцүү биз?
-Зохицуулалтын үйл ажиллагаа эрхэлнэ гэдэг амаргүй. Ялангуяа хоёр өөр байр суурин дээр байгаа талуудыг зохицуулж, эрх тэгш нөхцөлөөр харилцаж, хамтран ажиллана гэдэг хэцүү. Нэг талдаа эрчим хүчний компаниуд санхүүгийн хувьд алдагдалгүй, хэвийн ажиллаж, иргэдийг эрчим хүчээр найдвартай хангах ёстой. Валютын ханш нэмэгдэж, шатах тослох материал, ачаа тээврийн зардал өсч байдаг учраас үнэ тарифыг байнга индексжүүлж, зохицуулалт хийх шаардлага тулгардаг. Гэтэл нөгөө талдаа эрчим хүчний үнэ тариф нь суурь үнийн нэг учраас бид хэрэглэгчдэд ачаалал бага өгөх, эдийн засгийн дарамт болохгүй байхаар үнэ тарифыг тооцож тогтоох шаардлагатай болдог. Ёстой л нөгөө хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэгчээр хэцүү асуудал. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооны гаргасан шийдвэр ямар нэг алдаа мадаггүй, амьдралд нийцсэн, оновчтой, ойлгомжтой, ил тод байх учиртай. Эрчим хүчний зохицуулах хорооноос хамтран ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай харилцахдаа элдэв дарамт шахалт үзүүлэхгүйгээр соёлтой, хууль дүрэм журмын дагуу харилцдаг, мэдээ, мэдээллээр хангаж ажилладаг учраас хамтын ажиллагаа маань үр дүнтэй байгаа гэж үзэж байна.
-Эрчим хүчний зохицуулах хороонд хэрэглэгчид хэр их ханддаг вэ?
- “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хангах” үүргийнхээ дагуу өнгөрсөн 20 жилийн хугацаанд 29 мянга гаруй хэрэглэгчийн гомдол саналыг хүлээн авч, нийт 3.1 тэрбум төгрөгийн маргааныг хянан шийдвэрлэсэн. Мөн Эрчим хүчний тухай хуулийн дагуу Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийг шинэчлэн зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.
-Эрчим хүчний зохицуулах хорооны ажилтан, албан хаагчид ямар зарчим баримталж ажилладаг вэ?
- Эрчим хүчний зохицуулах хорооны нийт ажилтнуудын баримталдаг зургаан зарчим бий. Нэгдүгээрт, хуулийн дагуу ажиллах ёстой. Хууль зөрчсөн аливаа үйлдэл бүрийг бид тасалж, өөрсдөө хуулиа хэрэгжүүлээд ажиллаж байвал ямар ч алдаа мадаг гарахгүй. Хоёрдугаарт, шударгаар ажиллах ёстой. Шударга, зарчимч байж, үнэн зөв шийдвэр гаргаж чадна. Гуравдугаарт, хараат бусаар ажиллана. Хэн нэгнээс хамааралгүйгээр хуулийн дагуу шударгаар гаргасан шийдвэр үнэн зөв байж чадна. Дөрөвдүгээрт, хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг дээдэлж ажиллах зарчим баримталдаг. Тавдугаарт, бүхий л ажилтан албан хаагчдаас мэргэшсэн байхыг шаарддаг. Аливаа шийдвэр гаргахдаа түүнийгээ хаана ч хамгаалж чаддаг, өөрийгөө дайчилж, сурч, боловсорч, хөгжүүлж байж бид энэ салбартаа өөрсдийн хувь нэмрийг оруулж ажиллах ёстой. Зургадугаарт, манай бүх үйл ажиллагаа ил тод байдаг. Хорооны хурал, гаргасан шийдвэр, баталсан үнэ тариф, олгосон тусгай зөвшөөрөл гээд бүх зүйлийг бид ил тод нээлттэйгээр олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгч ажилладаг. Ямар нэг юмыг нуух л юм бол хэрүүл, хардлага сэрдлэг үүсдэг учраас манай зүгээс нээлттэй байдлыг бий болгож байж хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хангах үндэс болно гэж үздэг.
- COVID-19 цар тахлаас шалтгаалан 2020 онд бүхий л салбарт санхүүгийн хямрал нүүрлээд байгаа. Эрчим хүчний салбарын хувьд ямархуу байгаа вэ?
-Амаргүй хүнд үеийг эрчим хүчний салбарын хамт олон амжилттай давж гарч байгаа гэж хэлж болно. Юуны өмнө хэлэхэд хэрэглэгчийн үнэ тарифт өөрчлөлт ороогүй. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын санхүү, эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг хангах, төвийн бүсийн “Нэг худалдан авагчтай зах зээлийн загвар”-ын эх үүсвэргүй өр төлбөр буюу алдагдлыг бууруулах зорилгоор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК хамтран дотоод нөөц бололцоогоо ашиглах, хэмнэлттэй горимоор ажиллах, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг тодорхой саналыг боловсруулсан. Тухайлбал ОХУ-аас худалдан авдаг импортын цахилгааны болон чадлын хэмжээг багасгаж,дотоодын хямд эх үүсвэрүүдийг илүү ачааллах, өндөр өртөгтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг анхны төсөлд байгаа чадлаар нь ачааллах шийдвэр гаргасан. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд тоног төхөөрөмжийн эрсдэлийг бодитой үнэлэн зарим хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг эрэмбэлэн хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг дөрвөөс доошгүй хувиар хэмнэх, цахилгаан, дулааны түгээлтийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, дотоод хэрэглээний эрчим хүчээ хэмнэх, улмаар бизнес төлөвлөгөө, зорилтод түвшний үзүүлэлтүүдэд тодотгол хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүний дүнд 2020 онд төвийн бүсийн “Нэг худалдан авагчтай зах зээлийн загвар” хуримтлагдсан алдагдлыг 37 тэрбум төгрөгөөр буюу 90 гаруй хувиар бууруулж чадсан. Энэ жилийн хувьд ч бас хүндрэлтэй асуудлууд олон байна. Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор нүүрс тээврийн зардал нэмэгдэж, нүүрсний уурхайнууд нүүрснийхээ үнийг нэмүүлэх хүсэлт гаргасан. Эрчим хүчний нийт 100 гаруй компани үнэ тарифын зохицуулалт хийх шаардлагатай байна гэдэг хүсэлт гаргаж холбогдох тайлан мэдээлэл, баримт бичгүүдээ хуулийн дагуу манай хороонд ирүүлээд байна. Нүүрсний үнэ тариф, төмөр замын тээврийн тариф, эрчим хүчний компаниудын үнэ тарифт зохицуулалт хийхэд шаардлагатай 159 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа. Энэ эх үүсвэрийг бий болгох зорилгоор хэрэглэгчдийн үнэ тарифыг нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Нөхцөл байдал хаана, хаанаа хүнд байна. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороо энэ өвөл хэрэглэгчдийг эрчим хүчээр хэвийн хангах талаар Засгийн газар, Эрчим хүчний яамтай хамтран шаардлагатай арга хэмжээг авахаар ажиллаж байна.
-Цахилгаан эрчим хүчний үнэ өндөр байна гэж зарим хүн үздэг. Өнөөдөр яг бодит байдал дээр 1 кВт.ц цахилгаан эрчим хүч бодит өртөгтөө хүрч байгаа юу?
-Цахилгааны үнэ бодит өртөгтөө хүрэхгүй байгаа. Манай улсын 1 кВт.ц цахилгааны үнэ дунджаар 6.2 ам.цент буюу 175 төгрөг байгаа. Ахуйн хэрэглэгчдийн цахилгааны үнэ үүнээс хямд 135 төгрөг орчим байгаа. Цахилгаан эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө 30 гаруй хувиар хямд байна. Өнөөдөр 175 төгрөгөөр та юу авч чадах вэ. Үнэндээ энэ мөнгөөр юу ч авч чадахгүй. Нэг хайрцаг шүдэнз гэхэд 200 төгрөг. Иштэй чихэр 250 төгрөгөөр зарагдаж байна.
-Эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа нэг гол хууль бол яалт ч үгүй Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль. Энэ хуулийг хэрэгжүүлэх гол байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хороо байдаг. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш таван жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хэр үр дүнд хүрэв?
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд эрчим хүчийг хэмнэх, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээний бүхий л түвшинд үр ашгийг дээшлүүлэх, эрх зүй, зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, норм, стандартуудыг боловсруулж батлуулах, төрийн байгууллагууд хоорондын зохицуулалт, мэдээллийн урсгалыг сайжруулах, бодлого, үйл ажиллагааны уялдааг хангах, санхүүжилт, хөрөнгө оруулалт, урамшууллын механизмыг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос нийт 20 удаагийн сургалт зохион байгуулж, хэмнэлтийн241 менежер, 74 аудитор бэлтгэж, 380 мэргэжилтнийг сургаж бэлтгэн ерөнхий боловсролын сургуулийн 160 гаруй мянган сурагчдад Эрчим хүч хэмнэлтийн хичээлийг зааж сургасан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд үүрэг хүлээсэн 197 хэрэглэгч 35.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 217.5 сая кВт.ц эрчим хүч хэмнэжээ. Мөн Европын холбооны эрчим хүчний аудитын үйлчилгээтэй холбоотой EN 16247 багц стандартыг орчуулан үндэсний стандарт болгон батлуулж аудитын үйл ажиллагаанд ашиглаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.