Эрчим хүчний зохицуулах хорооноос тав дахь жилдээ “Хэрэглэгчийн аян-2022” аяныг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд цахилгаан, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч төвийн бүсийн 97 хуулийн этгээд, Аймаг, нийслэлийн 22 зохицуулах зөвлөлөөс дулаан үйлдвэрлэх, цахилгаан, дулаан түгээх, зохицуулалттай тусгай зөвшөөрөлтэй орон нутгийн 315 хуулийн этгээд нийт 412 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамаарна.
Аяны хүрээнд Нийслэл, орон нутагт цахилгаан, дулаан түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хариуцлага, үйл ажиллагааг дээшлүүлэх, шугам тоноглолд гарч болзошгүй гэнэтийн аваарын саатлын үед түргэн шуурхай арга хэмжээ авах, өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчдийг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох зөвлөмж, чиглэлийг өгч ажиллана.
Аяны хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны хоногийн мэдээг цахимаар буюу Google sheet ашиглан тогтмол хүлээн авч хяналт тавих бөгөөд, цахилгаан, дулаан хангамжийн доголдол, хэрэглэгчийн гомдол, саналыг үндэслэн шаардлагатай тохиолдолд цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч орон нутгийн болон хувийн хэвшлийн орон сууцны ашиглалт үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг сонгож үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, холбогдох зөрчил дутагдлыг арилгуулна.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ХЯНАЛТЫН ГАЗАР