ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ УДИРДЛАГУУД ШИНЭЭР ТОМИЛОГДЛОО

2022 оны 08-р сарын 26
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ УДИРДЛАГУУД ШИНЭЭР ТОМИЛОГДЛОО

     Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, зохицуулагч Б.Баттулга нарын ажиллах томилолтын хугацаа нь дуусгавар болж байгаатай холбогдуулан Эрчим хүчний тухай хуулийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 123, 124, 125 дугаар захирамжуудаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар тус хороонд зохицуулагчаар ажиллаж байсан Э.Түвшинчулууныг, орон тооны зохицуулагчаар Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийг, мөн орон тооны зохицуулагчаар МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Л.Дашмягмаржав нарыг тус тус  томилсон байна. 

     Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилогдсон Э.Түвшинчулуун нь Цахилгааны инженер, эдийн засагч-статистикч мэргэжилтэй, цахилгаан системийн болон бизнес удирдлагын магистр, Монгол Улсын зөвлөх инженер юм.

     Э.Түвшинчулуун нь Дархан-Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газарт монтёр, инженер, албаны дарга, Улсын мэргэжлийн хяналтын газарт түлш, эрчим хүчний хяналтын улсын байцаагч, ахлах байцаагч, Эрчим хүч, мэдээлэл холбооны хяналтын албаны дарга, Түлш, эрчим хүчний яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд газар, хэлтсийн дарга, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар ажиллаж байсан болно. Тэрээр Монгол улсын эрчим хүчний салбарын хяналт, бодлого, хэрэгжилт, зохицуулалтын нэгжүүдийг удирдан эрчим хүчний салбарт 28 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчин юм.

     Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны зохицуулагчаар томилогдсон П.Товуудорж нь Цахилгааны инженер мэргэжилтэй, Цахилгаан системийн болон бизнес удирдлагын магистр, техникийн ухааны доктор (Ph.D), Монгол Улсын зөвлөх инженер юм.

     П.Товуудорж нь “Дулааны 3-р цахилгаан станц” ТӨХК-д монтёр, инженер, цахилгааны лабораторийн эрхлэгч, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Түлш, эрчим хүчний яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга,  Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд газрын дарга, Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Монгол дахь салбар зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2020 оноос Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан болно. Тэрээр Монгол Улсын эрчим хүчний салбарт 28 дахь жилдээ ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчин юм.

     Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны зохицуулагчаар томилогдсон Л.Дашмягмаржав нь Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн болон Хуулийн сургуулийг Эдийн засагч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн, Эдийн засгийн ухааны магистр, Шинжлэх ухаан, технологийн сургуулийн техникийн ухааны докторант, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч юм.

    Л.Дашмягмаржав нь Улаанбаатарын цахилгаан шугам сүлжээний газарт эдийн засагч, ахлах нягтлан бодогч, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-д ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн дарга, дэд захирал, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэлтсийн дарга, экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан. Тэрээр Монгол Улсын эрчим хүчний салбарын компани, байгууллагад болон мэргэжлийн хяналтын байгууллагад нийт 25 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчин юм.