Олон Улсын Шинэ эрчим хүчний чуулган-2022 арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж оролцож нээлтийн үг хэлж мэндчилгээ дэвшүүлснийг танилцуулж байна.

2022 оны 09-р сарын 28
Олон Улсын Шинэ эрчим хүчний чуулган-2022 арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж оролцож нээлтийн үг хэлж мэндчилгээ дэвшүүлснийг танилцуулж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө!

Бүс нутагт тогтвортой эрчим хүчийг хөгжүүлэх сэдвийн хүрээнд санал дэвшүүлж хэлэлцэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд талуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээ өрнүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022” уулзалтад оролцогч Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Мөн энэхүү чуулга уулзалтыг санаачилан зохион байгуулж буй Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон хамтран зохион байгуулагч, ивээн тэтгэгч компани, байгууллагуудад талархлаа илэрхийлье.
​“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг дунд хугацаанд бүрдүүлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурал 2021 онд батлан гаргасан. Эдгээр бодлогын баримт бичигт эрчим хүчний салбарыг улс, орны эдийн засгийн суурь дэд бүтэц, үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдолтой, хөгжлийн тэргүүлэх салбар гэдгийг онцлон, түрүүлэн хөгжүүлэх тодорхой зорилтуудыг дэвшүүлж Монгол Улс эрчим хүчний бие даасан нэгдсэн системтэй болох, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг хоршин ашиглах ухаалаг тогтолцоонд шилжүүлэх, экспортын зориулалттай эх үүсвэрүүдийг нэмэгдүүлж, эрчим хүч экспортлогч болох, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлж салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг үр дүнд хүрэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулах, үүний дотор сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр, тэдгээртэй хоршин ажиллах эрчим хүч хуримтлуурын станц барих тусгай зөвшөөрөл олгох, гарааны үнийг баталгаажуулах, хэрэглэгчийн худалдан авах дэмжих тарифыг тогтоох, цахилгаан эрчим хүч худалдах гэрээний загварыг батлах зэрэг ажлуудыг зохицуулалтын бодлогоор дэмжин ажиллаж байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсад 281 МВт-ын нийлбэр хүчин чадалтай бага оврын 3 СЦС, 7 НЦС, 4 УЦС ажиллаж улсын эрчим хүч үйлдвэрлэх нийт суурилагдсан хүчин чадлын 18 хувийг эзэлж байна.
Цаашид сэргээгдэх эрчим хүчийг олон улсын жишигт нийцүүлэн зохистой харьцаагаар хөгжүүлж эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, нар, салхигүй үед сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн хүчин чадлыг орлох, хоршин ажиллах эрчим хүч хуримтлуурын станц, системийн ачааллын горим тохируулах томоохон чадлын УЦС-ыг барьж байгуулах, мөн өрсөлдөөний замаар үнэ тарифыг тогтоох зарчмыг баримтлан ногоон технологид үе шаттайгаар шилжих зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцэд бага оврын сэргээгдэх болон байгалийн хий ашигласан ухаалаг, тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх, био хий-био метаны төслүүдийг хэрэгжүүлж шинэ эрчим хүчинд шилжих хэрэгцээ шаардлага зүй ёсоор гарч байна.
Хэдийгээр сэргээгдэх үүсгүүрийн хүчин чадал нэмэгдэж байгаа ч улсын хэмжээнд үйлдвэрлэх чадлын дутагдалд орсон, Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачааллын үед цахилгааны чадал, энергийг гадны улсаас импортлон хангаж байна.
Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60 жил, дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил байгаа ба шугам сүлжээний 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссанаас гадна цахилгаан, дулааны эрчим хүчийг борлуулж буй үнэ нь бодит өртөг, зардлаас доогуур байгаа тул эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд санхүүгийн хувьд бие даан хөрөнгө оруулалт, их засвар, техник технологийн шинэчлэлтээ зохих түвшинд хийж чадахгүй байна.
Иймд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бодит өртөг, ашгийн зохих түвшинг хангасан, үнэ тарифын зохицуулалтыг хэрэгжүүлж, салбарын санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангах нь ойрын үеийн тулгамдсан зорилт болж байна.
​Үүний зэрэгцээ станцуудын тоног төхөөрөмжийг богино хугацаанд шат дараалалтайгаар шинэчлэх замаар ашиглалтын хугацааг нь уртасгах, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд ухаалаг, дэвшилтэт техник, технологийг өөрийн орны онцлог, одоогийн нөхцөлтэй уялдуулан нэвтрүүлж ашиглалтын түвшин, аюулгүй байдлыг сайжруулах асуудлыг чухалчлан авч үзэх шаардлагатай байна.

Нөгөөтэйгүүр, эрчим хүч хэмнэх үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээтэй уялдуулж, нэгдсэн бодлоготойгоор хэрэгжүүлэх нь богино хугацаанд үр дүнд хүрэх, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлснээр бага зардлаар хэрэглээний өсөлтийн тодорхой хувийг хааж чадлын дутагдлыг багасгах боломжтой юм. Монгол Улс 2014 оны тооллогоор жилд 34.5 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцүүлсэн хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байсны 50 гаруй хувь нь эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс ялгарсан байна.

Эрчим хүчийг хэмнэж үр дүнд хүрсэн олон улсын туршлагаас үзэхэд хэмнэлтийг урамшуулах тогтолцоог төр засгаас дэмжиж тухайлбал, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хөнгөлөлттэй зээлд хамруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх, татаас олгох зэргээр эдийн засгийн үр ашигтай уялдсан урамшууллын механизмыг өргөн ашиглаж байгааг бид судалж эдгээр боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Та бүхэн өнөөдрийн чуулга уулзалтад идэвхтэй оролцож, эрчим хүчний тогтвортой хөгжил, эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн олон чухал асуудлуудыг ажил хэрэгчээр хэлэлцэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Чуулганы үр дүнд нүүрстөрөгчийн ялгарал багатай төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг манай орны нөхцөл, боломжид нийцүүлэн нэмэгдүүлэх, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны уялдаа холбоо, менежментийг сайжруулах, хэмнэлттэй технологи, инновацыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлэх, олон улс, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар үнэтэй санал, санаачлага гаргана гэдэгт итгэлтэй байна.

Чуулганд оролцож буй бодлого тодорхойлогчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл Та бүхэнд ажлын амжилт хүсье.