ЭХЗХ-оос “Хэрэглэгчийн аян-2023”-г зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Тус аян 2023 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Аяны зорилго нь цахилгаан, дулаан түгээх, зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хариуцлага, үйл ажиллагааг дээшлүүлэх, хэрэглэгчдийг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангах, гомдол, саналыг түргэн шуурхай барагдуулах, дуудлага үйлчилгээг чанартай гүйцэтгэхэд анхаарах, шугам тоноглолд гарч болзошгүй осол, саатлын үед шуурхай арга хэмжээ авах, хэрэглэгчдэд эрчим хүчний зохистой хэрэглээ, эрчим хүчээ хэмнэх ач холбогдол, зөвлөмж, мэдээллийг өгөх юм.
Энэхүү аяны хүрээд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
Тус аяныг нийт цахилгаан, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 121 хуулийн этгээд, Аймаг, нийслэлийн 22 зохицуулах зөвлөлөөс дулаан үйлдвэрлэх, цахилгаан, дулаан түгээх, зохицуулалттай тусгай зөвшөөрөлтэй орон нутгийн 317 хуулийн этгээд нийт 438 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамран хэрэгжүүлнэ.
Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны хоногийн мэдээг цахимаар тогтмол хүлээн авч бүртгэлжүүлэн хяналт тавина. Цахилгаан, дулаан хангамжийн доголдол, хэрэглэгчийн гомдол, саналыг үндэслэн шаардлагатай тохиолдолд газар дээр нь ажиллаж, холбогдох арга хэмжээг авч, зөрчил дутагдлыг арилгуулах юм.
Хэрэглэгч та хангагч байгууллагаас ирүүлсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд ЭХЗХ-ны 11-312313 дугаарт хандаж, шийдвэрлүүлэх боломжтой.
ХЭРЭГЛЭГЧ, ОРОН НУТАГ, ХЯНАЛТЫН ГАЗАР