Энэ сарын 15-ны /2024.04.15/ өдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Чимэдрэгзэн, Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн П.Хийморьсайн нар Канадын Ванкувер хотод ажиллаж Бритиш Колумб мужийн Зохицуулах Хорооны дэд дарга Анна Фунг, Зохицуулагч Блэйр Локхарт, Гүйцэтгэх захирал Юланда Доминго нартай Монгол Улс болон тус мужийн эрчим хүчний зохицуулалтын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Бритиш Колумб муж нь нийт 944,735 км2 нутаг дэвсгэртэй, 4.5 сая хүн амтай. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 41,689 канад долларт хүрдэг. Цахилгаан эрчим хүчний гол эх үүсвэр нь усан цахилгаан станц бөгөөд эрчим хүчний хэрэглээний 99 хувийг үйлдвэрлэдэг. Дотоодын хэрэгцээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчээ АНУ-д экспортолдог байна. Бритиш Колумб мужийн Зохицуулах Хороо нь нийт 12 зохицуулагч болон 100 гаруй албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулдаг.
Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хороо, Канад улсын Бритиш Колумб мужийн Эрчим хүчний зохицуулах хороодын уулзалтын хүрээнд зохицуулах байгууллагуудын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд, үнэ тариф, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр харилцан ярилцсан байна.
Уулзалтын төгсгөлд Эрчим хүчний зохицуулах хороо болон Бритиш Колумбын Зохицуулах Хороо дээрх чиглэлээр туршлага судлах, цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.