Эрчим хүчний хэмнэлтийн урамшуулалт зохицуулалтын механизмыг нэвтрүүлэх судалгааны тайлантай танилцлаа

2024 оны 04-р сарын 18
Эрчим хүчний хэмнэлтийн урамшуулалт зохицуулалтын механизмыг нэвтрүүлэх судалгааны тайлантай танилцлаа

        Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний хэмнэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсан. Үүний нэг нь Канадын Бритиш Колумбын Их сургуультай  хамтран эрчим хүчний хэмнэлтийн  урамшуулалт зохицуулалтын механизмыг нэвтрүүлэх (https://sppga.ubc.ca/gp2/incentive-based-regulatory-models) чиглэлээр сүүлийн найман сарын хугацаанд ажиллаж байна. Энэ хүрээнд тус сургуулийн судлаачдын баг судалгааны ажлын тайлангаа танилцууллаа.  

  

        Тайлангийн арга хэмжээг Канадын Ванкувер хотын Бритиш Колумбын Их сургуулийн Төрийн бодлого ба Олон улсын харилцааны сургууль (School of Public Policy and Global Affairs)-д зохион байгуулсан бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, холбогдох албаны хүмүүсийн хамт оролцлоо.

       2 талын хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн судалгааны баг Монгол улсад 2023 оны 11-р сард ирж ажилласан. Тэд Монголд ажиллахдаа эрчим хүчний хэмнэлтийг хэрэгжүүлэхэд урамшууллын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн улсуудын сайн туршлага, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн гол хэрэгжүүлэгчид болох Үүрэг хүлээсэн хэрэглэгчидтэй уулзалтууд зохион байгуулсан. Үүний дүнд ОУ-ын сайн туршлагыг, Монголын үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн дунд хийсэн урамшуулалт зохицуулалтай холбоотой санал асуулгын дүн шинжилгээтэй харьцуулан, тулгамдаж буй асуудал түүнийг даван туулах арга хэмжээг тодорхойлон гаргаснаараа чухал ач холбогдолтой болжээ.

       ЭХЗХ энэхүү судалгааны ажлын үр дүнг цаашид төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг олон талаар өргөжүүлэх чиглэлээр Канадын болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах тухайд Бритиш Колумбын Их сургуулийн Төрийн бодлого ба Олон улсын харилцааны сургуулийн захирал Аллисон Макварлайнтай ярилцаж, харилцан санал солилцсон байна.