Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал боллоо

2024 оны 05-р сарын 17
Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал боллоо
 
            Монгол Улс эрчим хүчийг хэмнэлттэй, үр ашигтай, сэргээгдэх эрчим хүчтэй хослуулж хэрэглэхийг олон нийтэд уриалж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа билээ.
              Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Бизнес Инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурлын томоохон арга хэмжээг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
 
 
            
          Тус арга хэмжээний үеэр эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, системийн үйлдвэрлэл, хэрэглээ, хэмнэлтийн бодлогын хэрэгжилт, дулааны эрчим хүчний хэмнэлт, хэрэглээнд суурилсан дулааны эрчим хүчний төлбөр тооцоог нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник, технологи, эрчим хүчний хэмнэлт, СЭХ-ний хэрэглээг нэмэгдүүлэх боломжууд сэдвээр хурал, хэлэлцүүлэг боллоо.
 
 
 
 
 
Мөн энэ үеэр болох олон улсын үзэсгэлэнд БНХАУ, ОХУ болон үндэсний 50 гаруй компани Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний технологийг танилцуулж, Канад, Америкийн компаниуд онлайнаар оролцох юм.
Үзэсгэлэнд дараах бүтээгдэхүүн үйлчилгээг дэлгэнэ.
o Үзэсгэлэнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, тухайлбал нарны цахилгаан, дулааны эрчим хүчний үүсгүүр, системийн суурилуулалт;
o Дулааны насос, агаар сэлгэлт;
o Ногоон зээлийн санхүүжилтийн зөвлөгөө;
o Эрчим хүчний хэмнэлттэй эко халаалтын системийн бүтээгдэхүүн;
o Эрчим хүчний ухаалаг дулааны тоолуур, орон сууцны өрөөний халаалтын удирдлагын систем;
o Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл /Лазер принтер/
o Эрчим хүчний ухаалаг бүртгэлийн аппликэшн;
o Монгол гэрийн халаалтын шийдэл, баттерей хуримтлуурын систем;
o Ахуйн ус цэвэршүүлэгч, насос зэрэг болно.
Энэхүү ОУ-ын үзэсгэлэн, хурлын арга хэмжээ нь салбарын байгууллагууд болон эрчим хүч хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрт нээлттэй болж байгаа юм.