Эрчим хүчний зохицуулах хороо, Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж Эрчим хүчний салбарын шинэчлэлийн асуудал, үнэ тарифын реформын талаар санал солилцож, цаашид энэ хүрээнд хийх ажлуудын талаар хэлэлцлээ.
Энэ удаагийн уулзалтад Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан менежер бөгөөд Монгол Улс дахь суурин төлөөлөгч Таехюн Ли, Эрчим хүчний ахлах мэргэжилтэн Янчин Сонг, Дэлхийн банкны Ази-Номхон далайн бүсийн Эрчим хүчний ахлах менежер Жие Танг болон эрчим хүчний тэргүүлэх мэргэжилтэн Шаоданг Ванг, Монгол Улс дахь Үйл ажиллагаа хариуцсан шинжээч Гантуяа нар оролцсон байна.
Дээрх төлөөлөгчид Монгол Улсын Засгийн Газар болон Эрчим хүчний зохицуулах хороо нэгдмэл байр суурьтай байж, эрчим хүчний салбарын энэхүү эргэлтийн үед чухал алхмууд хийхээр зэхэж байгаад таатай байгаагаа илэрхийлсэн. Уулзалтын үеэр ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун “Салбарын шинэчлэл нь зөвхөн нэг удаагийн үнэ тарифын реформын асуудлаар зогсох бус бусад олон салбарын уялдаа холбоог хангасан, тэдгээрийн мэргэжилтнүүд болон гадаад хамтын ажиллагаатай байгууллагуудыг хамруулсан, өргөн цар хүрээтэй цогц арга хэмжээ байх ёстой гэдгийг онцлоод тарифын шинэчлэл нь дараа дараагийн олон ажлын суурь нь байх болно” гэсэн юм.
Дэлхийн банкны зүгээс эрчим хүчний салбарт үнэ тарифын шинэчлэл хийгдэхийн хэрээр эрчим хүчний чанар, хангамжийг сайжруулах шаардлагатай гэдгийг онцолсон. Тэдний зүгээс хамтран хэрэгжүүлсэн төслүүд болон цаашид хэрэгжүүлэх төслүүдийн хүрээнд тасралтгүй дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.