Цахилгаан эрчим хүчний үнэ тариф шинэчлэгдлээ

2024 оны 11-р сарын 15
Цахилгаан эрчим хүчний үнэ тариф шинэчлэгдлээ

      Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, дараах байдлаар мөрдүүлэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл иргэд эрчим хүчийг хэмнэлттэй, хэрэглээндээ тохируулж хэрэглэвэл бага үнээр тооцогдож, бага төлбөр төлнө. Ингэснээр айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 1 кВт.ц тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орох юм.

Манай улсын 788 мянган ахуйн хэрэглэгчдийн 45 хувь нь 150 кВт.ц хүртэл, 40 хувь нь 150-300 кВтц, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгааныг тус тус хэрэглэдэг.

Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба 1 сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан нь 15,887 төгрөгийн өөрчлөлт орж 52,107 төгрөг болох юм.

Дашрамд дурдахад айл өрхийн цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш 5 жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй тогтвортой мөрдөж ирсэн байна.

Үнэ, тарифт шинэчлэл хийж, зах зээлийн зарчимд нийцүүлж эхэлснээр эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдлээ.