e-zasag.mn
Иргэд, олон нийттэй харилцах төв 11-11
Авлигыг мэдээлэх утас 1-110

Танилцуулга

СУРАЛЦАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧИД ТАВИХ ШААРДЛАГА

Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллагууд болон эрчим хүчний хэрэглээ, зардлаа бууруулах, менежментээ сайжруулах сонирхол бүхий байгууллагын төлөөлөл хамрагдах боломжтой. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 295 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын 4.1-д заасны дагуу суралцагч дараах шаардлагыг хангасан байна:

  • эрчим хүч, барилгын чиглэлээр инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдах суралцагч мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
  • эрчим хүчний аудитор бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдах суралцагч мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх.

Дээрх шаардлагыг хангасан, сургалтад бүртгүүлэх хүсэлтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж, сургалт явуулах байгууллагад зарын дагуу заасан хугацаанд бүртгүүлнэ. Үүнд:

  • Өргөдөл (маягтын дагуу бөглөж хавсаргах);
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • Дээд боловсролын дипломын хуулбар;
  • 3,5см х 4,5см хэмжээтэй цээж зураг 1 хувь (менежер), 2 хувь (аудитор);
  • Ажил байдлын тодорхойлолт (хаана ямар ажил эрхэлж байсан, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагын талаар дурдсан ажил олгогчийн тодорхойлолт);
  • Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээний хуулбар;

Нэмэлтээр хавсаргах:

  • Ажил олгогч нь хуулиар хүлээсэн үүргийн дагуу томилгоо хийсэн тохиолдолд Эрчим хүч хэмнэлтийн менежерийн албан тушаалд томилогдсон тушаалын хуулбар;
  • Эрчим хүчний аудитороор суралцах хүсэлтэй бол эрчим хүчний аудит, хэмнэлт, үр ашиг болон барилгын эрчим хүчний үнэлгээ түүнтэй ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажил, бүтээлийн жагсаалт.

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, холбогдох журмууд болон бусад мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны 138 вэб хуудаснаас авах боломжтой.

Эрчим хүчний зохицуулах хорооноос томилсон бие даасан, хараат бус Шалгалтын комисс нь эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежерийн эрх олгох шалгалтыг авдаг бөгөөд холбогдох журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг.

Засгийн газрын 2016 оны 295 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР, ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРМААС

Зургаа. Аудитор, менежерийн эрх олгох шалгалтын үйл ажиллагаа

6.1. Аудитор, менежерийн эрх олгох шалгалтыг шалгалтын комисс авна.

6.2. Шалгалт 2 үе шаттай явагдана:

6.2.1. нэгдүгээр шат: Сургалтын хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэргэжлийн мэдлэг шалгах тест;

6.2.2. хоёрдугаар шат: Дадлагын ажлын тайлан болон сургалтын хөтөлбөрийн хүрээнд эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр хийсэн бичил төсөл.

6.3. Суралцагч мэргэжлийн шалгалт буюу нэгдүгээр шатны шалгалтад нийт онооны 80 болон түүнээс дээш хувийг авбал тэнцсэнд тооцож, хоёрдугаар шатны шалгалтад орох эрхтэй болно.

6.4. Дадлагын ажлын тайланд 70 болон түүнээс дээш оноо авбал шалгалтад тэнцсэнд тооцно.

6.5. Аудитор, менежерийн эрх олгох шалгалтын дүнг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

6.6. Шалгалтад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас орж чадаагүй тохиолдолд дараагийн шалгалтад орох эрхтэй.

6.7. Шалгалтад тэнцээгүй тохиолдолд дахин 1 удаа шалгалт өгч болно.

6.8. Бичгээр гаргасан хүсэлтийн дагуу шалгалтын үнэлгээтэй холбоотой асуудлаар Шалгалтын комисс тодруулга өгч болно.

 

 

 

 

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор бусад байгууллагуудтай хамтарсан мэдээллийн, сургалтын арга хэмжээнүүдийг Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс зохион байгуулж байна.

ХасБанктай хамтарсан сургалт, семинар

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хуулийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хороо, ХасБанктай хамтран Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан дараах арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

  • "Эрчим хүчний хэмнэлт-Бид дэмжинэ" сэдвийн дор Ногоон санхүүжилтийн 2.чуулган 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр, 400 гаруй оролцогч http://erc.gov.mn/index.php?newsid=809
  • Аж үйлдвэрийн салбарын Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан сургалт, семинар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 20 байгууллагын 28 оролцогч;
  • Үйлчилгээний салбарын Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан сургалт, семинар 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр, 19 байгууллагын 32 оролцогч;
  • Төсөвт байгууллагууд Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан сургалт, семинар 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдөр, 14 байгууллагын 25 оролцогч;
  • Уул уурхайн салбарын Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан сургалт, семинар 2018 оны 12 дугаар сарын 06-ний өдөр, 15 байгууллагын 25 оролцогч;

Тус арга хэмжээ нь тухайлсан салбарын байгууллагад эрчим хүчний хэрэглээг бууруулах, үр ашгийг сайжруулах боломжууд, эрчим хүчний удирдлагын тогтолцоо, хөнгөлөлттэй зээл, эрчим хүч хэмнэлтийн төслийн үр өгөөжийн талаар мэдээлэл өгөхөөс гадна байгууллагын сайн туршлагаас суралцах, хоорондоо харилцаа холбоо тогтоох ач холбогдолтой.

Чадавхжуулах сургалтууд

  • Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк/ EBRD нь Мон-Энержи Консалт ХХК-тай хамтран эрчим хүчний инженер, мэргэжилтнүүдэд зориулан "Үйлдвэрлэлийн эрчим хүчний хэмнэлт” сэдэвт олон улсын, ахисан түвшний сургалтыг зохион байгуулсан ба Эрчим хүчний зохицуулах хороо дэмжиж ажиллав. Сургалтын зорилго нь эрчим хүчний хэмнэлт, аудитын талаар мэдлэгтэй инженер, техникийн ажилтнуудын болон эрчим хүчний зөвлөхүүдийн практик мэдлэг чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, мөн эрчим хүчний төслүүдийн чанар стандартыг сайжруулахад чиглэсэн юм. Сургалтыг Их Британийн LDK Consultants Engineers & Planners S.A. компанийн сургагч багш нар онол, практик, бодит жишээнд тулгуурлан удирдан явуулсан. 2018 оны 6 дугаар сарын 26-29-ний хооронд үргэлжилсэн тус сургалтад эрх бүхий эрчим хүчний аудиторууд болон хэмнэлтийн менежерүүд оролцов.
  • Аймаг, нийслэлд Эрчим хүчний зохицуулах хорооны ажил, үүргийг хэрэгжүүлж ажилладаг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүдэд зориулсан "Эрчим хүчний хэмнэлт ба зохицуулалт" сэдэвт мэргэшүүлэх сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулав.
  • Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага/GGGI, олон улсын зөвлөх үйлчилгээний PwC компанитай хамтран хэрэгжүүлсэн эрчим хүчний аудитын жишиг төслийн хүрээнд аудиторын мэдлэг дээшлүүлэх сургалтыг 2017 оны 6 дугаар сарын 20,23-ны өдөр зохион байгуулсан. Тус сургалтад нийт 41 эрх бүхий эрчим хүчний аудитор хамрагдав.

ГОУХАН-ийн Эрчим хүчний үр ашиг 3+ төсөлтэй хамтарсан үйл ажиллагаа

  • 2018.06.10-14 Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Мон-Энержи Консалт ХХК-тай хамтран зохион байгуулсан эрчим хүчний инженер, мэргэжилтнүүдэд зориулсан “Үйлдвэрлэлийн эрчим хүчний хэмнэлт” сэдэвт олон улсын сургалтыг хамтран зохион байгуулав.
  • 2018.11.14-16 Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашиг 3+” төслийн “С4- Эрчим хүчний аудитын тоног төхөөрөмжөөр хангах, сургалтын хөтөлбөрийг сайжруулах нь” хэсгийн хүрээнд эрчим хүчний аудитад ашиглах хэмжих багаж, хэрэгслийг танилцуулах сургалтыг төслийн дотоодын богино хугацааны зөвлөх “Номадик Нью Энержи ХХК”-тай хамтран зохион байгуулсан. Тус сургалтад 47 эрчим хүчний аудитор, сургагч багш нар болон Хорооны мэргэжилтнүүдийг хамруулж чадавхжуулсан ба хэмжилт, туршилтын сургалтыг 2 үүрэг хүлээсэн хэрэглэгч дээр хийх ажлыг зохион байгуулсан.
  • 2018.11.19-21 Эрчим хүчний аудитор, хэмнэлтийн менежерийг чадавхжуулах 3 өдрийн "Эрчим хүчний аудитын протокол болон тайлан" сэдэвт сургалтыг 2018 оын 11 сарын 19-21-ний өдрүүдэд олон улсын эксперт Пол Стивенсоны удирдлага дор “Интегрэйшн И-И” компанитай хамтран зохион байгуулав.
  • 2018.11.30 Магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллагууд болон эрх бүхий аудиторуудтай хийх уулзалтын бэлтгэл ажлыг хангаж, GGGI-тай хамтран зохион байгуулав;