Эрчим хүчний зохицуулах хорооны цахим хуудастай танилцаж байгаа эрхэм
Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Эрчим хүчний салбарыг чөлөөт эдийн засгийн тогтолцоо, зах зээлийн зарчимд шилжүүлэх зорилгоор Эрчим хүчний тухай шинэ хуулийг Монгол Улсын Их Хурал 2001 онд баталсан ба тус хуулиар эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэйгээр хангах зорилго бүхий биеэ даасан Эрчим хүчний зохицуулах хороог байгуулж эрх, үүргийг тодорхойлж өгсөн юм.
Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2025 онд 12.6 тэрбум кВт.ц болсон нь өмнөх оноос 8.6 хувийн өсөлттэй, харин өвлийн улирлын оргил ачаалал 1803.2 МВт-д хүрч өмнөх оноос 8.9 хувиар өссөн бөгөөд нийт хэрэглээний 78.6 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, 21.4 хувийг импортоор авч хэрэглэв.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 372 МВт-аар нэмэгдэж, 1936.4 МВт хүрсэн боловч эрчим хүчний хэрэглээ жил бүр тогтмол өсөн нэмэгдэж, ялангуяа өвлийн улиралд эрчим хүчний чадлын дутагдалд орж байгаа нь манай салбарын хувьд сорилт болж, жил бүр дотоодын цахилгаан станцууд нөөц тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажилласаар ирлээ.
Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт Тосон дулааны цахилгаан станцын 22 МВт-ын чадалтай эхний 2 блок, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт 10 МВт-ын чадалтай 42 МВт.ц-ийн багтаамжтай эрчим хүч хуримтлуурын байгууламж 2025 онд ашиглалтад орж эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг хангахад томоохон хувь нэмэр орууллаа.
Эрчим хүчний салбарт 2024 онд эхлүүлсэн реформын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо нь юуны өмнө салбарыг санхүүгийн алдагдлаас гаргаж тогтвортой ажиллуулах, бодит өртөг зардалд үндэслэсэн үнэ тарифын зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, улмаар хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг дээшлүүлэхээр зорьж байна.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасны дагуу Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх, олон төрөлт эх үүсвэрийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, цахилгаан эрчим хүчний бөөний өрсөлдөөнт зах зээл рүү үе шаттай шилжих зэрэг ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн хүрээнд зохицуулалтаар дэмжлэг үзүүлж ажиллаж байна.
Та манай цахим хуудаснаас салбарын зохицуулалтын эрх зүйн акт, баримт бичиг болон бидний үйл ажиллагааны талаарх цаг үеийн хэрэгцээт мэдээ мэдээллийг авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой.
Хүндэтгэсэн,
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ДАРГА Л.ЖАМБАА























