Даргын мэндчилгээ

Даргын мэндчилгээ

Эрчим хүчний зохицуулах хорооны цахим хуудастай танилцаж, бидний үйл ажиллагааны талаар мэдээлэл авч байгаа эрхэм Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

     Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2024 онд 8,754.7 сая кВт.ц болж өмнөх оны гүйцэтгэлээс 226.4 сая кВт.ц- аар буюу 2.7%-аар өссөн ба нийт цахилгааны 90.6%-ийг дулааны цахилгаан станцаар, 8.3%-ийг нар, салхины эх үүсвэрээр, 0.8%- ийг усан цахилгаан станцаар, 0.001%-ийг дизель станцаар тус тус үйлдвэрлэсэн бөгөөд 2,863.4 сая кВт.ц цахилгааныг импортоор авсан нь өмнөх онтой харьцуулахад 416.6 сая кВт.ц буюу 17%-аар өссөн байна.

     Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2024 онд 11.6 тэрбум кВт.ц болсон нь өмнөх оноос 5.9 хувийн өсөлттэй, харин өвлийн улирлын оргил ачааллал 1655 МВт-д хүрч 1.2 хувиар өссөн бөгөөд нийт хэрэглээний 75.3 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, 24.7 хувийг импортоор авч хэрэглэсэн байна.

     Дорноговь аймгийн Эрдэнэ суманд хуримтлуурын системтэй нарны цахилгаан станц, Нийслэлийн Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц, Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай эхний блок тус тус ашиглалтад орж эрчим хүчний системийн ачааллыг үүрэлцсэнээр 2024-2025 оны өвлийн их ачааллыг хүндрэл багатай давлаа.

     Эрчим хүчний зохицуулах хороо нь салбарын санхүүгийн алдагдлыг 2023 онд 140 тэрбум төгрөгөөр бууруулж байсан бол 2024 онд цахилгаан эрчим хүчний тарифыг өртөгт нь хүргэж, шинэчлэлт хийснээр салбар алдагдалгүй ажиллах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах таатай нөхцөл бүрдэж байна.

     Монгол Улс эрчим хүчний дутагдлаас гарах, хөрөнгө оруулалт татах, эрчим хүчний хангамжийн аюулгүй, найдвартай байдлыг хангахтай холбоотойгоор эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлыг сайжруулах хүчин зүйлийн нэг, мөн эрчим хүчний реформын эхний алхам болж цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өртөгт нь хүргэх шийдвэр гаргасан билээ. Цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд 216 төгрөг байгааг 280 төгрөг болгож, дунджаар 29.6 хувиар, айл өрхийн хувьд хэрэглээнээс хамаарч шаталсан тарифыг нэвтрүүлснээр 30-85 хувиар шинэчлэн тогтоосон.

     Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн онцлогтой уялдуулан айл өрхөд хэрэглээнээс хамаарсан 3 шатлалтай тариф, оргил ачааллын үеийн тарифыг нэвтрүүлэн шинэчлэл хийж, зах зээлийн зарчимд нийцүүлж эхэлснээр айл өрх төлбөрөө бага байлгах зорилгоор эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх, цахилгаанаар халаалтаа шийдсэн айлууд гэр, сууцаа дулаалах зэрэг сонирхлыг бий болгох, үүнтэй холбоотойгоор эрчим хүчний системийн оргил ачааллын өсөлт саарах зэрэг эерэг нөлөөллийг үзүүлж эхлээд байна.

     Мөн хэрэглэгч өөрийн цахилгааны хэрэглээгээ хянах, зохицуулах, төлбөрийн үнэн зөв байдлыг нягтлах, онлайн төлбөр тооцоо хийх зэрэг боломжийг бий болгох зорилгоор үнэ тарифын зохицуулалтаар дэмжлэг үзүүлж “УБЦТС” ТӨХК-ийн үйлчлэх хүрээний 131.0 мянган хэрэглэгчдэд ухаалаг тоолуур суурилуулаад байгаа ба орон сууцны айл өрхийн халаалт, дулааны хэрэглээг тоолууржуулах судалгааг хийж эхлээд байна. Айл өрхүүд сэргээгдэх эрчим хүчний өөрийн эх үүсгүүртэй болох, үйлдвэрлэсэн эрчим хүчээ борлуулж орлогын эх үүсвэр болгох эдийн засгийн орчныг сайжруулахад хэрэглэгчийн үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлэх цахилгааны тарифыг нэмэгдүүлж, оройн цагуудад 300 төг/кВт.ц буюу хөрөнгө оруулалтыг нөхөх түвшинд хүргэж баталлаа.

     Хэрэглэгчийн цахилгааны тарифт өөрчлөлт орсноор 2025 онд нийт 546.1 тэрбум төгрөгийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлж байна. Тарифын шинэчлэлийн хүрээнд цахилгаан эрчим хүчний тарифыг бодит өртөгт хүргэснээр эхний ээлжинд салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлуудыг төлөвлөгөөт хугацаанд хийх боломжийг бүрдүүлээд байна. Энэ нь цахилгаан хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах амин чухал нөхцөл юм.

     Үнэ, тарифын шинэчлэлийн хүрээнд мөн Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайн эрчим хүчний нүүрсний үнийг өртөгт нь хүргэсэн болон олон жил алдагдалтай тарифаар нүүрс тээвэрлэж ирсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дотоодын нүүрс тээвэрлэлтийн тариф 2025 оны эхнээс алдагдалгүй болох таатай нөхцөл бүрдлээ.

     Эрчим хүчний зохицуулах хороо нь зөвхөн цахилгааны тарифыг өөрчлөөд зогсохгүй, салбар санхүүгийн алдагдалгүй ажиллах, хэрэглэгчдэд очих төлбөрийн дарамтыг бага байлгах үүднээс эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж шаардлагатай журам, аргачлалыг боловсруулаад байна. Ингэснээр инфляцийн түвшин, шинэ эх үүсвэрийн үйлдвэрлэх эрчим хүчний тариф, валютын ханш, импортын цахилгааны үнэ зэргээс хамааран тодорхой хугацаанд өсөж, буурах тарифын шинэ тогтолцоо бий болох юм. Өөрөөр хэлбэл, цаашид зах зээлийн зарчмаар үнэ тариф тогтдог нөхцөл бүрдэж байна.

     Эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх; хангагч компани, байгууллагууд нь хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг бодитой, түргэн шуурхай шийдвэрлэж байгаа эсэхийг хянах зориулалттай “Хэрэглэгчийн өргөдөл, гомдлын бүртгэл, хяналтын нэгдсэн цахим систем” https://consumer.energy.mn/-ийг “ДҮТ” ТӨХХК-тай хамтран хөгжүүлж 2024 онд ашиглалтад орууллаа. Улаанбаатар хотод цахилгаан түгээх, хангах болон дулаан түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт 74 компанид программын танилцуулга, сургалтыг хийж, программд бүртгэлжүүлснээр эдгээр компаниуд нь тус програмыг ашиглан хэрэглэгчдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байна.

     Эрчим хүчний зохицуулах хороо нь 2024 онд хэрэглэгчдээс нийт 2239 өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд үүний дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын өр төлбөртэй холбоотой 45 гомдол, маргааныг хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хэрэглэгчдэд 234.9 сая төгрөгийн буцаалт хийлгэж, харин хэрэглэгчдээс 976.1 сая төгрөгийн төлбөрийг хангагчид төлүүлэх арга хэмжээ авлаа. 

     Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” болон 199 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж Хорооны “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” 2023 оны 724 дүгээр тогтоолоор 2024 онд гэр хорооллын тарифт тоолууртай айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 33.94 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

     Эрчим хүч хэрэглэгч үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагууд, хэрэглэгчид дор бүрнээ хэмнэлт хийж эрчим хүчний хүрэлцээг нэмэгдүүлсэн юм. Тухайлбал, эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчид 2024 онд эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр 916 нэр төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж 16.6 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 57.3 мянган Гкал дулааны эрчим хүчний хэмнэлт гарах боломжийг бүрдүүлж 35.7 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж ажилласан болно.

Эрхэм уншигч Та манай байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, бидэнд үнэтэй зөвлөгөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн,

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА

Э.ТҮВШИНЧУЛУУН