
Өнөөдөр /09.17/ Эрчим хүчний зохицуулах хорооноос “Ухаалаг тоолуурын шинэчлэл, зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр найдвартай хангах, түгээлтийн алдагдлыг бууруулах, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх зорилготой олон арга хэмжээний нэг нь энэхүү хэлэлцүүлэг юм. Тус хэлэлцүүлэгт ЭХЯ, ДҮТ ТӨХХК, УБЦТС ТӨХК, Нийслэл түгээх сүлжээ ХХК, Узбекистан Улсын “Тошэлектроаппарат” ХХК, “Гэрэгэ системс” ХХК болон цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй 26 компанийн 100 гаруй төлөөлөгч оролцож, эрчим хүчний салбар дахь ухаалаг тоолуурын хэрэглээ, үр ашиг, төслийн хэрэгжилтийн үр дүн, шинэ шийдлийн талаар харилцан санал солилцсон. Оролцогчид зохицуулалт, эрх зүйн орчны талаар хэлэлцэж, төлбөр тооцооны тогтолцоог боловсронгуй болгох, хэрэглэгчдэд эрчим хүчний хэрэглээгээ оновчтой зохицуулах, хянах боломжийг бүрдүүлэх талаар санал зөвлөмж гаргаж хэрэгжүүлнэ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 974,311 цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд 1,016,817 тоолуураар борлуулалт хийж байгаагаас 2025 оны хагас жилийн гүйцэтгэлээр 386,324 буюу нийт хэрэглэгчдийн 38%-ийг ухаалаг тоолуураар шинэчлээд байна. Цаашид үлдсэн 630.5 мянган ширхэг буюу 62%-ийг 2028 оны түвшинд шинэчилж дуусгах зорилт тавин ажиллаж байна.

Ингэснээр хэрэглэгчдийн хувьд хүссэн үедээ үнэн зөв мэдээллээр хангагдан хэрэглээгээ хянаж хэмнэлт хийх, байршлаас үл хамааран төлбөрөө төлөх, нар салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглах, үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй авах бол эрчим хүчний салбарын хувьд хэрэглэгчийн эрчим хүчийг оновчтой зөв төлөвлөх, бодит хэрэглээнд суурилсан тарифийн зохицуулалт хийх, түгээлт, хэрэглээг бодит цагт хянах, алдагдал, хууль бус хэрэглээг бууруулж эдийн засгийн чадавхийг сайжруулах зэрэг ахиц дэвшил гарч цаашид “Ухаалаг сүлжээ”-д шилжих суурь нөхцлийг бүрдүүлэх юм.