2025 оны 10-р сарын 06, Даваа гариг

Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хэвлэх 2025 оны 10-р сарын 03, Нийт үзсэн : 23

Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч  уулзлаа

    Дэлхийн банкны төлөөлөгчид Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудтай уулзан эрчим хүчний салбарын шинэчлэл болон үнэ тарифын реформын талаар санал солилцож цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ. Уулзалтад Дэлхийн банкны Эрчим хүчний ахлах мэргэжилтэн Юн Ву, шинэ эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Янчин Сонг, Приянк Латхвал нар оролцов.

    Төлөөлөгчид эрчим хүчний салбарт тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлд дүн шинжилгээ хийж, дараагийн шатанд үзүүлэх дэмжлэг, судалгааны ажлын талаарх шинэ мэдээлэл танилцуулсан.

      ЭХЗХ-оос эрчим хүчний салбарыг алдагдалгүй ажиллуулах зорилгын хүрээнд 2024 оны 11 дүгээр сард цахилгааны үнийг өртөгт нь хүргэсэн нь үр дүнтэй шийдвэр болсон талаар дурдлаа. Ингэснээр томоохон хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн бөгөөд хэрэглэгчдийн хувьд цахилгаанаа хэмнэх, сэргээгдэх эх үүсвэрийг ашиглах зэрэг эерэг өөрчлөлтүүд гарч байгааг тодотгов.

    Мөн хэрэглэгчдэд цахилгаан, дулааны ухаалаг тоолуур нэвтрүүлэх ажлын явцыг танилцуулж, уг ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх нь түгээлтийн алдагдлыг бууруулах, зохицуулалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдийг эрчим хүчээ ухаалгаар ашиглахад чухал нөлөө үзүүлж, хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх суурь нөхцөл болж байгааг онцоллоо.

   Дэлхийн банкны төлөөлөгчид хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн талаар санал солилцож, цаашид ч шинэ төслүүдийн хүрээнд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.