Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 236 дугаар тогтоолоор хүн амд үзүүлэх үйлчилгээний зохицуулалтын уялдааг хангах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний үнэ тариф, төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, зөвлөл, хороо, комиссын дарга нар, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон байна.
Дээрх тогтоолын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж, Улаанбаатар хот, Налайх, Багануур дүүрэг, Дархан-Уул аймгийн Дархан сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дорнод аймгийн Хэрлэн сум, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Дорноговь аймгийн Замын үүд сум, Увс аймгийн Улаангом сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Ховд аймгийн Жаргалант сум, Төв аймгийн Зуунмод сум, Булган аймгийн Булган сум, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум зэрэг төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны батлагдсан тарифын мөрдөх хугацааг 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргалаа.
.























