2026 оны 05-р сарын 01, Баасан гариг

ЭХЗХ-ны 2025 оны тайлангийн хурал боллоо

Хэвлэх 9 цаг 7 минутын өмнө, Нийт үзсэн : 28

ЭХЗХ-ны 2025 оны тайлангийн хурал боллоо
            Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь 2025 оны ажлын тайлан, Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны дүнг Эрчим хүчний яам болон эрчим хүчний үйлдвэр, компаниудад танилцууллаа. Жил бүр тогтмол зохион байгуулдаг тус тайлангийн хуралд салбарын 100 гаруй үйлдвэр, компанийн 200 орчим төлөөлөл оролцож байна.
 

            2025 онд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12.6 тэрбум кВт.ц болсон нь өмнөх оноос 8.6 хувийн өсөлттэй, харин өвлийн улирлын оргил ачаалал 1803.2 МВт-д хүрч өмнөх оноос 8.9 хувиар өссөн бөгөөд нийт хэрэглээний 78.6 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, 21.4 хувийг импортоор авчээ.
         Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт Тосон дулааны цахилгаан станцын 22 МВт-ын чадалтай эхний 2 блок, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт 10 МВт-ын чадалтай 42 МВт.ц-ийн багтаамжтай эрчим хүч хуримтлуурын байгууламж 2025 онд ашиглалтад орж эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг хангахад томоохон хувь нэмэр орууллаа.
 
         Эрчим хүчний тарифын шинэчлэлийн дүнд 2025 онд 559.6 тэрбум төгрөгөөр борлуулалтын орлого нэмэгдсэн. Үүнээс эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд болон ОХУ-аас худалдан авч байгаа импортын цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүд 100.6 тэрбум төгрөгийг; нүүрсний болон төмөр замын тээврийн үнийн өсөлтөд 105.5 тэрбум төгрөгийг; салбарын үйлдвэр, компаниудын ажиллагсдын цалингийн өсөлтөд 212.7 тэрбум төгрөгийг; засвар, шинэчлэл, урт хугацаат зээлийн төлбөрийн өөрчлөлтөд 116.8 тэрбум төгрөгийг; бүс нутгийн системүүдийн татаасын бууралтыг нөхөхөд 23.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулах зохицуулалтыг хийлээ.
 
2025 оны 3 сард гарсан Засгийн газрын 132-р тогтоолын дагуу Дулааны тарифын зохицуулалтыг хойшлуулж, цахилгааны тарифын индексжүүлэлт хэрэгжээгүйгээс 2025 нийт 224.9 тэрбум төгрөгийн орлогын дутагдал үүсээд байна.
Иймд цаашдаа Эрчим хүчний зохицуулах хороо нь нэг талаас салбарыг санхүүгийн алдагдлаас гаргах, бодит өртөг зардалд үндэслэсэн үнэ тарифын зохицуулалтыг хийх замаар эрчим хүчний хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг дээшлүүлэх нөгөө талаас хэрэглэгчид очих төлбөрийн дарамтыг бага байлгах үүднээс эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх зохицуулалт тогтмол хийгдэх шинэчлэлийг төлөвлөөд байна. Ингэснээр инфляцийн түвшин, ашиглалтад орох эрчим хүчний шинэ эх үүсвэрийн үнэ тариф, валютын ханш, импортын цахилгааны үнийн өсөлт зэргийг харгалзан тодорхой хугацаанд өсөж, буурах байдлаар тухай бүр тариф шинэчлэгдэн зах зээлийн дагуу зохицуулагдаж, эрчим хүчний салбар санхүүгийн алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.