
Монгол Улсын эрчим хүчний салбар түүхт 100, 101 жилийн ойгоо угтаж байна. Хүн төрөлхтөний түүхэнд Цахилгаан гэрэл ассанаас хойш 140 гаруй жил өнгөрсөн. Үүний сүүлийн 100 жилийн түүхийг Монгол Улсын эрчим хүчний салбарын инженер техникийн ажилчид, албан хаагчид бичилцэж байгаа билээ.
Ардын засгийн газрын шийдвэрээр 1922 онд “Цахилгаан гэрлийн хороо”-г байгуулж Нийслэл хотод 24 кВт-ын хүчин чадалтай дизель станцыг барьж ажиллуулснаар орчин цагийн эрчим хүчний салбарын хөгжлийг эхлүүлж эдүгээ нэгэн зууны түүхийг бүтээгээд байна.
Эрчим хүчний 100, 101 жилийн ойг тохиолдуулан Төрийн ордонд салбарын баярын хурал боллоо. Баярын хуралд Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх, эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд М.Баярмагнай, төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх тус салбарын үе үеийн сайд, дарга, удирдлагууд, салбарын ахмад буурлууд, хөдөлмөрийн баатар, гавьяатууд хүрэлцэн ирсэн юм. Баярын хуралд ЭХЗХ-ны удирдлагууд, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, станцууд, орон нутгийн төлөөлөл нийт 800 гаруй хүн оролцлоо. 