2025 оны 05-р сарын 14, Лхагва гариг

“Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөлийн аян эхэллээ

Хэвлэх 2023 оны 11-р сарын 29, Нийт үзсэн : 701

“Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөлийн аян эхэллээ

              Олон нийтэд эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, хэрэглээг хэвшүүлэх “Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нийгмийн нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Аяны нээлт өнөөдөр /11 сарын 28/ дулааны 3-р цахилгаан станцд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний дэд сайд М. Баярмагнай, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э. Түвшинчулуун, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн удирдагчид оролцож, мэдээлэл өгсөн байна.

             Эрчим хүчний дэд сайд М. Баярмагнай "Эрчим хүчний систем дараагийн эх үүсвэр баригдаж ашиглалтад орох хүртэл чадлын дутагдалтай ажиллах, хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй хангахад хүндрэл үүсэхээр байгаа нь салбарын тулгамдсан асуудал. Уг хүндрэлийг даван туулах зорилтын хүрээнд нэн тэргүүнд эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, хэрэглээний бүхий л түвшинд эрчим хүчний хэмнэлтийг бодитой бий болгох, үр ашиг, хэмнэлтийг дэмжих урамшуулал, хөшүүргийн тогтолцоог бүрдүүлэх, хэрэглэгч, олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар үр ашгийг дээшлүүлэх боломжтой" гэдгийг онцоллоо. 
 
          Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э. Түвшинчулуун "Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах суурь салбар боловч улс орны өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах нь сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болоод байгаа юм" гэлээ.
 
 
           Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн хүрээнд дэмжин ажиллаж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хөгжлийн асуудал хариуцсан дэд дарга Стив Уинкейтс “Хамгийн цэвэр эрчим хүч бол “хэрэглээгүй” буюу хэмнэсэн эрчим хүч гэдэг. Олон тохиолдолд ойрын хугацаандаа үр дүнтэй шийдэл болж чаддаг бөгөөд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас бусад оронд эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг ойлгуулах олон сайхан санаачилгыг амжилттай дэмжиж ирсэн. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон салбарын бусад байгууллагуудын санаачлан хэрэгжүүлж буй “Тог-оо тохируул 17-22 цаг” аяныг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас бүрэн дэмжиж оролцохоо илэрхийлж байна" гэлээ.
 

             “Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аян иргэн, айл өрх, албан байгууллага, аж үйлдвэр зэрэг хэрэглэгч бүрт эрчим хүч хэмнэх арга, зөв дадал, хэмнэлттэй, ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх замаар эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэгцээг зохицуулах зорилготой юм. Энэхүү нөлөөллийн аяны нээлтэд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК , Диспетчерийн үндэсний төв ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК зэрэг эрчим хүчний салбарын томоохон байгууллагууд оролцож байна.

            Өвлийн улиралд манай улсын эрчим хүчний хэрэглээ огцом өсөж, 17-22 цагийн хооронд эрчим хүчний системийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ үед чадлын дутагдалд орох, импортын хэрэглээ нэмэгдэх, улмаар эрчим хүчний хязгаарлалт хийх болзошгүй эрсдэлтэй. Тиймээс иргэн, айл өрх, аж ахуй нэгж, эрчим хүчний хэрэглэгч бүр ТОГ-оо тохируулж, хэмнэлттэй хэрэглээнд нэгдсэнээр эдийн засгийн болон байгаль орчны асар их үр өгөөжтэй.  

             “Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аяны хүрээнд хэмнэлт хийх, технологийн шийдэл, эрчим хүч хэмнэх энгийн арга, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаар мэдлэг ойлголтыг тогтмол түгээнэ. Иргэн бүр мэдлэг, ойлголттой болсноор эрчим хүчний нийт хэрэглэгчид хэмнэлттэй, ухаалаг хэрэглээний зөв дадалтай болох ач холбогдолтой юм.