2025 оны 05-р сарын 14, Лхагва гариг

Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэг (ERRA) -ийн гишүүн орнуудын “Маргаашийн эрчим хүч” сэдэвт форум боллоо

Хэвлэх 2023 оны 11-р сарын 30, Нийт үзсэн : 567

Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэг (ERRA) -ийн гишүүн орнуудын “Маргаашийн эрчим хүч” сэдэвт форум боллоо

          2023 оны 11 дүгээр сарын 24-нд Бүгд Найрамдах Турк улсын Нийслэл Истанбул хотод Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэг (ERRA) -ийн гишүүн орнуудын зохицуулах байгууллагын удирдлагуудын дунд “Маргаашийн эрчим хүч” сэдэвт форум амжилттай болж өндөрлөлөө. 

          Тус арга хэмжээнд ЭХЗХ-ны хорооны дарга Э.Түвшинчулуун оролцсон бөгөөд гишүүн орнуудын туршлага, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал, шийдэл, хиймэл оюун ухаан дээр суурилсан эрчим хүчний шинэ техник технологийн талаар хэлэлцсэн байна. Энэхүү арга хэмжээнд ERRA-гийн дарга хатагтай Мая Меликедзе, Туркийн эрчим хүчний зах зээлийн зохицуулах хорооны ерөнхийлөгч ноён Мустафа, Азийн хөгжлийн банк болон бусад орнуудын зохицуулах байгууллагуудын дарга удирдлагууд оролцлоо. Тус форумд илтгэл тавьж, танилцуулга хийж буй улс орнуудын төлөөлөл өөрийн оронд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг хэрхэн даван туулах боломжийн талаар санал солилцож, эрчим хүчний шилжилтийг хэрхэн амжилттай, богино хугацаанд хийж болох тухай баримт, жишээн дээр тулгуурлан хэлэлцжээ.

            Европын улсуудын хувьд байгалийн хийн асуудлаас болж эрчим хүчний хомсдол үүсч, үнэ огцом нэмэгдэж байгаа талаар мэдээлэл өглөө. Үүнээс болж эрчим хүчний эх үүсвэрийн бүтцэд өөрчлөлт орж байгаа талаар дурдсан. Зарим орнууд зогсоосон байсан нүүрсний станцуудаа дахин ажиллуулж эхэлжээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд их хэмжээгээр ашиглалтанд орж, хэрэглэгчид өөрсдийгөө эрчим хүчээр хангах болсноор хэрэглээний төлөвийг тодорхойлоход хүндрэлтэй болж байгаа талаар оролцогчид санал солилцлоо.  

           ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун Монгол улсын эрчим хүчний салбарын зохицуулалтын талаар мэдээлэл өгсөн байна. Тус форум эрчим хүчний шилжилт, зохицуулалтын талаар өргөн хүрээнд харилцан мэдээлэл солилцсон өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.