e-zasag.mn
Иргэд, олон нийттэй харилцах төв 11-11
Авлигыг мэдээлэх утас 1-110
Мэдээ, мэдээлэл

Цахилгааны ухаалаг тоолуурын шинэчлэлийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэлээ

2026.11.182 мин унших
Цахилгааны ухаалаг тоолуурын шинэчлэлийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэлээ
Агуулга
  1. Хэрэглэгчдэд ямар өөрчлөлт гарах вэ?
  2. Эрчим хүчний салбарт ямар үр ашигтай вэ?
  3. Нэгдсэн ухаалаг сүлжээнд шилжих суурь

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан түгээх компаниудын ухаалаг тоолуурын шинэчлэлийг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр шийдвэр гаргалаа.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.05 сая орчим цахилгаан тоолуур ашиглаж байна. 2026 оны эцэст ухаалаг тоолуурын тоо 855.1 мянгад хүрч, нийт тоолуурын 82 хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа бөгөөд 2027 онд энэ үзүүлэлтийг 90 гаруй хувьд хүргэхээр ажиллаж байна.

Ухаалаг тоолуур нь зөвхөн хэрэглээ хэмжих төхөөрөмж бус, хэрэглэгч цахилгаан хэрэглээгээ хянах, удирдах, төлбөрөө хэмнэх боломжийг бүрдүүлэх дижитал шийдэл юм.

Хэрэглэгчдэд ямар өөрчлөлт гарах вэ?

Ухаалаг тоолуурын систем нэвтэрснээр хэрэглэгч:

  • Цахилгаан хэрэглээгээ бодит цагт хянах, алсаас удирдах;
  • Цагийн ялгаварт тарифтай нөхцөлд хэрэглээгээ хямд тарифтай цагт шилжүүлж, төлбөрөө хэмнэх;
  • Хэрэглээ, төлбөрийн мэдээллээ үнэн зөв, ил тод авах;
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээнд хамрагдах;
  • Байршлаас үл хамааран гар утасны аппликейшнээр хэрэглээгээ хянах, төлбөрөө удирдах;
  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлэх боломж бүрдэнэ.

Эрчим хүчний салбарт ямар үр ашигтай вэ?

Ухаалаг тоолуур нь түгээх сүлжээний алдагдал, хууль бус хэрэглээг бууруулах, тасалдал саатлыг шуурхай илрүүлэх, хэрэглээний бодит мэдээлэлд тулгуурлан эрчим хүчний төлөвлөлт, тарифын зохицуулалтыг боловсронгуй болгох чухал ач холбогдолтой.

Эрчим хүчний зохицуулах хорооноос түгээх компаниудад алдагдлыг бууруулах зорилт тогтоож, алдагдлын бууралтаас бий болох үр ашгийг ухаалаг тоолуурын шинэчлэлд чиглүүлэх бодлого хэрэгжүүлж байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын 2027 онд санал болгосон түгээлтийн алдагдлын дундаж түвшнийг 13.6 хувиас 8.6 хувь хүртэл бууруулах боломжтой гэж тооцоолж байгаа бөгөөд арилжааны алдагдлыг бууруулж, хүрсэн түвшнийг хадгалснаар жилд 60 орчим тэрбум төгрөгийн үр ашиг бий болгох боломжтой.

Нэгдсэн ухаалаг сүлжээнд шилжих суурь

Цаашид цахилгаан түгээх компаниудын ухаалаг тоолуурын системийг өгөгдөл солилцох нэгдсэн стандартын дагуу үе шаттай холбож, хэрэглээний мэдээллийг төлбөр тооцоо болон хэрэглэгчийн цахим үйлчилгээтэй уялдуулна.

Ингэснээр эрчим хүчний салбар бодит мэдээлэлд суурилсан удирдлагатай болж, ухаалаг сүлжээ (Smart Grid), гэрээт зах зээлийн хөгжлийн суурь нөхцөл бүрдэх юм.

Ухаалаг тоолуурын шинэчлэл бол хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг сайжруулахын зэрэгцээ эрчим хүчний алдагдлыг бууруулж, салбарын үр ашгийг нэмэгдүүлэх чухал хөрөнгө оруулалт юм.

Мэдээ захиалах

Шинэ мэдээ, санал авах төслийг имэйлээр хүлээн аваарай.