2024 оны 04-р сарын 27, Бямба гариг

АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫГ ТООЛУУРЖУУЛАХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ГАРЛАА

Хэвлэх 2020 оны 05-р сарын 08, Нийт үзсэн : 4026

 АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫГ ТООЛУУРЖУУЛАХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ГАРЛАА

Монгол Улсын Засгийн газрын  2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар дулааны эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглээг бий болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төсөвт байгууллагуудыг  тоолууржуулах тухай 144  тоот тогтоол гаргалаа. Энэхүү тогтоолыг бүрэн эрхээр нь хүргэж байна.

 

 ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫГ  ТООЛУУРЖУУЛАХ ТУХАЙ

 Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, бусад төсөвт байгууллагын дулааны эрчим хүчний хэрэглээг хэмжүүрээр тооцох нөхцөлийг бүрдүүлж, тоолууржуулах ажлыг 2020 оны III улиралд багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Төсвийн захирагч, гүйцэтгэх удирдлага нарт үүрэг болгосугай.
  2. Дулааны тоолуур худалдан авах, суурилуулахад шаардагдах хөрөнгийг төсөвт байгууллагын зарлагын хэмнэлт, давсан орлогоос холбогдох хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлэхийг Төсвийн захирагч нарт зөвшөөрсүгэй.
  3. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулах барилга байгууламжид дулааны эрчим хүчний тоолуур суурилуулсан байх шаардлагыг холбогдох дүрэм журамд тусгайлан зааж мөрдүүлэх, цаашид цахилгаан, дулааны эрчим хүчний бодит өртөг, зардалд суурилсан үнэ тарифыг тогтоож мөрдүүлэх, дулааны эрчим хүчний хөндлөн татаасыг зогсоох, нэгжийг тэгшитгэх, дулааны эрчим хүчний хэрэглээг зөвхөн тоолуураар тооцдог байх асуудлыг судлан холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт болон Эрчим хүчний зохицуулах хороо (А.Тлейхан)-нд тус тус үүрэг болгосугай.
  4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                          У.ХҮРЭЛСҮХ

Эрчим хүчний сайд                                                         Ц.ДАВААСҮРЭН

 

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/15304?lawid=15304