2024 оны 06-р сарын 18, Мягмар гариг

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОРУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хэвлэх 2023 оны 05-р сарын 18, Нийт үзсэн : 295

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОРУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

         АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн USAID “Монгол улсын эрчим хүчний засаглал” хөтөлбөрийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо (Association of Energy Engineers/AEE)-ны  “Certified Energy Auditor/CEA” сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 15-наас 20-ны өдрүүдэд Эрчим хүчний зохицуулах хороон дээр зохион байгуулав. Тус сургалтад хоёр үе шаттай сонгон шалгаруулалтад тэнцсэн 25 эрчим хүчний аудиторууд хамрагдав.

           Сургалтыг 20 гаруй жил эрчим хүчний аудит хийсэн, тоног төхөөрөмжийн суурилуулалтад чанарын хяналт хийх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай олон улсын эксперт, CEA болон CEM хөтөлбөрийн сургагч багш Клинт Кристенсон удирдан явуулсан юм. 

          Олон улсын түвшний энэхүү сургалтын зорилго нь эрчим хүчний аудитор, менежерийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, эрчим хүчний аудиторууд, сургагч багш нарыг чадавхжуулахад оршиж байна. Эрчим хүчний стратеги боловсруулах, эрчим хүчний хэрэглээний мэдээлэл, түүнд дүн шинжилгээ хийх, эдийн засгийн дүн шинжилгээ хийх, цахилгаан хөдөлгүүрийн үр ашиг, барилгын эрчим хүчний үр ашиг, хэрэгцээний халуун ус, ус хэмнэлтийн асуудал, эрчим хүчний алтернатив эх үүсвэрүүд, аж үйлдвэрийн болон тээврийн салбар дахь эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн асуудал, эрчим хүчний хэмжилт-баталгаажуулалт зэрэг сэдвүүдээр сургалт явуулав. 

            Суралцагчид “Certified Energy Auditor”-н эрх олгох шалгалтыг өгсөн бөгөөд шалгалтад тэнцсэн тохиолдолд АНУ-ын аудиторын эрхтэй болж, нэг жилийн хугацаатай АНУ-ын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо (Association of Energy Engineers/ AEE)-ны гишүүн болох боломжтой юм.