2024 оны 09-р сарын 10, Мягмар гариг

“Эрчим хүчний салбарын санхүүгийн чадавхыг сайжруулах нь” семинар боллоо

Хэвлэх 2023 оны 07-р сарын 06, Нийт үзсэн : 668

“Эрчим хүчний салбарын санхүүгийн чадавхыг сайжруулах нь” семинар боллоо

       Өнөөдөр “Эрчим хүчний салбарын санхүүгийн чадавхыг сайжруулах нь” семинар боллоо. Тус семинарыг Эрчим хүчний зохицуулах хороо, Дэлхийн банктай хамтран зохион байгуулж, Эрчим хүчний яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Дэлхийн банкны төлөөллүүд оролцов. Семинарыг нээж, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун, Дэлхийн банкны менежер Жи Тан нар үг хэллээ. 

       

          Эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг хэмнэлтээр нөхөх, үнэ тарифыг шинэчлэх замаар алдагдлаас гарах, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг шинээр бий болгох асуудлууд тулгамдаж байгаа энэ үед эрчим хүчний салбарын санхүүгийн чадавхыг сайжруулж, бэхжүүлэх нь нэн чухал байгаа юм. 

            Дэлхийн банкны төслийн хүрээнд манай орны цахилгаан, дулааны хэрэглэгчдийн ангилал бүрээр үйлчилгээний зардлыг бүрэн нөхөх арга замыг тодорхойлох “Салбарын үйлчилгээний зардлын иж бүрэн судалгаа”-г гүйцэтгэж байгаа юм. Уг судалгааны дүнд эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрэлт хэрэгцээ, үйлдвэрлэх, дамжуулах, түгээх зардал, цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээний дагуу хүлээсэн үүрэг болон бусад хувьсах хэмжигдэхүүнүүдийг тусгасан зардлын үндсэн хүчин зүйлс, түүний өөрчлөлтийг авч үзсэнээр зардлаа нөхөх, тохируулах боломжтой болох юм.

         Тус арга хэмжээнд ЭХЗХ-ны Үнэ, тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган “Үнэ тарифын шинэтгэлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтууд”, Дэлхийн банкны зөвлөх Абгар Будагян “Эрчим хүчний салбарын санхүүгийн чадавхын талаарх судалгааны аргачлал, таамаглал, дүгнэлт зөвлөмж”, Дэлхийн банкны эдийн засагч Лидия “Үнэ тарифын шинэтгэлийн хувилбаруудын нийгэмд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийг шийдвэрлэх бодлогын зөвлөмжүүд” сэдэвт илтгэлүүдийг танилцуулж, хэлэлцүүлсэн.

            Семинар “Эрчим хүчний үнэ, тарифын шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжиллээ.