
Эрчим хүчний зохицуулах хороо болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хамтарсан ажлын хэсэг хэрэглэгчдийн гомдлын мөрөөр хяналт тавин ажиллаж байна. Ажлын хэсэг тухайн хэрэглэгчийн өдөр, шөнө, оргил цагийн цахилгааны хэрэглээг тодорхойлж, оргил ачааллын үеийн хэрэглээг бууруулах, цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ гурван тарифт тоолуурт шилжүүлснээр цахилгааны зардлаа бууруулах боломжийн талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн юм. Шөнийн тариф нь нэмэгдээгүй үнээр тооцогдох тул шөнийн бага үнэтэй цагаар цахилгаан халаалтаа бүрэн ашиглаж, дулаанаа хуримтлуулан өдрийн цагт зарцуулж, хэмнэлт гаргах, мөн төлбөрийг хэрхэн тооцох талаар хэрэглэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ тохируулан ашиглах боломжийн талаар танилцууллаа.
Тухайлбал 2025.02.13-ны өдрийн байдлаар цахилгааны хэрэглээгээ шалгуулах хүсэлт ирүүлсэн Баянзүрх дүүргийн хэрэглэгчийн амины орон сууц 100 м2 хэмжээтэй, 18 кВт-ын температур мэдрэгчтэй, цахилгаан халаагуурыг 24 цагаар ажиллуулдаг байна. Тухайн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсжээ. Эрчим хүчний хэмнэлтийн аудиторууд тус амины орон сууцны дулаан алдагдлыг газар дээр нь хэмжихэд байшингийн хана болон дээврийн уулзвар хэсгээр их хэмжээний дулаан алдагдалтай болохыг тодорхойллоо. Аудиторууд хэрэглэгчид дулаан алдагдлыг бууруулах аргуудыг зөвлөж, цахилгааны хэрэглээг 50%-аар бууруулах боломжтой талаар мэдээлэл өглөө.
Энэхүү ажил нь хэрэглэгчдийн эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжиж, цахилгааны зардлыг бууруулахад чиглэж байна.