Чадлын тарифын тогтолцоо нь хэрэглэгчийн оройн 17.00 цагаас 22.00 цагийн хооронд их ачаалалд оролцох оролцоог багасгах, чадлын хэрэглээг өдөр, шөнийн бага ачаалалд шилжүүлэх, хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээг дэмжих зорилготой ба хэрэглэгчийн системийн оргил ачаалалд оролцож байгаа бодит чадалд төлбөр ногдуулах зарчмаар хэрэгждэг. Дэлхийн олон улсад хэрэглэгчид цахилгааны чадлын тарифыг төлөхгүй байх үүднээс дотооддоо зохион байгуулалт хийж өндөр температурт хайлуулах технологи хэрэглэдэг гангийн болон төмөрлөгийн үйлдвэрүүд, хатаалгын технологи хэрэглэдэг цаас боловсруулах болон тоосгоны үйлдвэрүүд нь цахилгаан эрчим хүч их хэмжээгээр хэрэглэдэг технологийн дамжлагыг шөнийн цагаар ажиллуулдаг жишиг нийтлэг байдаг.
Монголын Улсын Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ОХУ-аас цахилгааныг энерги, чадал, хазайлтын тарифаар худалдан авч байна. Харин хэрэглэгчдэд худалдаж байгаа цахилгааны чадлын тариф ОХУ-аас худалдан авч байгаа цахилгааны чадлын тарифаас 3.6 дахин доогуур түвшинд байгаа тул 2019 оны 01 дүгээр сарын 15-наас зөвхөн уул уурхайн олборлох боловсруулах аж ахуйн нэгж байгууллагын цахилгааны сарын 1 кВт чадлын тарифыг 25000 төг болгон тарифын зохицуулалт хийсэн байна.