Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12-т “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах, гишүүдийг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Эрчим хүчний зохицуулах хороо томилж чөлөөлөх”; тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аймаг, нийслэлд эрчим хүчний төрийн зохицуулалтыг Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, чадавхжуулах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой дараах дүрэм, журмуудыг Хорооноос баталж, зөвлөлүүд мөрдөн ажиллаж байна. Үүнд:
- Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг байгуулах, түүний гишүүнийг томилох журам,
- Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн дүрэм,
- Аймаг нийслэлийн зохицуулах зөвлөл болон орон тооны гишүүдийг үнэлэх, дүгнэх журам.
Мөн дээрх дүрэм, журмуудаас гадна Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 289, 290, 291, 292 дугаар тогтоолуудаар батлагдсан “Аж ахуйн харилцааны дүрэм, Холболтын журам зэргийг цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд мөрдүүлж Зөвлөлөөс хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.
Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүд нь олгосон тусгай зөвшөөрлийнхээ хүрээнд түүний нөхцөл, шаардлагад заасан үйл ажиллагаа, холбогдох дүрэм, журмын биелэлтэд хяналт тавих, тогтоосон үнэ тарифыг хэрхэн мөрдөж байгаад тогтмол хяналт тавин ажиллаж байна.
Орон нутгийн засаг захиргаанаас зохион байгуулж буй эрчим хүчний үйл ажиллагаанд хамтарч ажиллах, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагаа, эрх зүйн мэдээллийг хэрэглэгчдэд цаг тухай бүр нь хүргэж байна.