2024 оны 10-р сарын 06, Ням гариг
Хэвлэх

Даргын мэндчилгээ

Даргын мэндчилгээ

Эрчим хүчний зохицуулах хорооны   цахим хуудастай танилцаж, бидний үйл ажиллагааны талаар мэдээлэл авч  байгаа эрхэм Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

 Дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцсэн 2021 он Эрчим хүчний зохицуулах хорооны төдийгүй эрчим хүчний салбарын хувьд хүндхэн сорилтыг амжилттай давж гарсан жил байлаа. Монгол Улсын дулааны цахилгаан станцуудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 7.1 тэрбум кВт.ц, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 802.9 сая кВт.ц, дотоодын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 7.9 тэрбум кВт.ц болж өмнөх оны гүйцэтгэлээс 767.9 сая кВт.ц-аар буюу 10.7 хувиар нэмэгдсэн байна. Дулааны эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос 402.8 мян.Гкал буюу 3.9 хувиар нэмэгдэж 10.7 сая Гкал боллоо. Өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилтын хүрээнд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 35 МВт-аар нэмэгдүүлж 2021 оны есдүгээр сард ашиглалтад ороод байна. Улсын хэмжээнд нэг хэрэглэгчид ногдож байгаа тасалдлын хугацаа өмнөх оноос 24 цагаар буюу 2.3 дахин буурлаа. Төвийн бүсийн 7 дулааны цахилгаан станцын дотоод хэрэгцээнд зарцуулсан цахилгааны хувь хэмжээ 2020 оны гүйцэтгэлээр 13.3 хувь байсан бол 2021 онд 12.7 хувь хүрч, 0.62 нэгжээр буурч, 4.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 42.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэмнэсэн байна.

      Өнгөрсөн 2021 онд Эрчим хүчний зохицуулах хороо нь үндсэн үйл ажиллагаа, зорилгынхоо хүрээнд 4 зорилт дэвшүүлэн амжилттай хэрэгжүүллээ. “УБЦТС” ТӨХК-ийн хэмжээнд ухаалаг тоолуурын нэгдсэн систем нэвтрүүлэх Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлэх зорилгоор тус банкинд санал, холбогдох мэдээллийг хүргүүлж, цахим уулзалт, ярилцлага хийж хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ “УБЦТС” ТӨХК-тай хамтран ажиллах зөвлөх багийг Хорооноос томилж тус компаний “Сонгинохайрхан ХҮТ”-ийн цахилгааны алдагдал ихтэй, 10 кВ-ын фидерүүдээс тэжээгддэг нийт 10145 хэрэглэгчийг хамарсан ухаалаг тоолуурын сүлжээ байгуулах төслийн ажлыг эхлүүлээд байна. Бодит өртөг, ашгийн зохих түвшинг хангасан, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн, олон улсын жишигт нийцсэн үнэ тарифын аргачлалын төслийг боловсруулж холбогдох тооцоо, судалгааг хийж гүйцэтгэв. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 211 дүгээр тогтоолын хэрэгжилтийг сар бүр хянаж, хөнгөлөлтөд хамрагдаж байгаа хэрэглэгчдийн төлбөрийг хянаж нэгтгэн, нарийвчилсан судалгаа, тооцоолол, тайлбарыг гарган Эрчим хүчний яам, Сангийн яаманд хүргүүлж ажиллалаа. Эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хямд эх үүсвэрээр хангаж, Нэг худалдан авагчтай зах зээл дээр тарифын зохицуулалт хийснээр нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн санхүүгийн алдагдлыг 5.19 хувиар буурууллаа. 2021 оны байдлаар эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 211 байгууллагын нийлбэр дүнгээр 3403 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 1217 мянган Гкал дулааны эрчим хүчийг хэрэглэжээ. Дээрх 211 үүрэг хүлээсэн хэрэглэгч 2020 онд эрчим хүч хэмнэх чиглэлээр 925 нэр төрлийн ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхэд 41.6 тэрбум төгрөг зарцуулан, урьдчилсан тооцоогоор 98.1 сая кВт.ц эрчим хүчний хэмнэлт гаргах боломжийг бүрдүүлэн ажилласан байна. Мөн Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын “E-license” цахим системийг төрийн мэдээллийн “E-Монголиа” цахим системтэй холбосон ба “E-license” цахим системийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Эрчим хүчний зохицуулах хороо нь 2021 онд хэрэглэгчдээс нийт 726 өргөдөл маргааныг хүлээн авч, судлан, холбогдох хяналт шалгалт хийсэн бөгөөд хэрэглэгчээс хангагчид 1.01 тэрбум төгрөгийн өрийг төлөх, хэрэглэгчид 312.8 сая төгрөгийг буцаан олгох үндэслэлийг тогтоож 100 хувь буцаалт хийлгүүлсэн. Ковид-19 цар тахлаас сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтвортой мөрдүүлэх, тарифын тооцоо судалгаа, салбарын санхүү, эдийн засгийн хүндрэлийг Засгийн газарт танилцуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын тарифын оновчтой зохицуулалтыг хэрэгжүүлэх замаар санхүүгийн алдагдлыг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэв. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, шимтгэлийн дүн 2020 онд 403.9 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 515.1 тэрбум төгрөг болж нэмэгджээ.

      Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг тогтвортой мөрдөж ирлээ. Тухайлбал, цахилгааны борлуулалтын дундаж үнэ 2021 оны гүйцэтгэлээр 175.25 төг/кВт.ц байсан бол 2021 онд айл өрхийн хэрэглээний өсөлттэй холбоотойгоор 173.36 төг/кВт.ц болж буурчээ. Айл өрхөд борлуулах цахилгааны тариф бодит өртгөөс нэгж кВт.ц тутамд 40.89 төгрөгөөр доогуур түвшинд байна. Энгийн тоолууртай айл өрхөд борлуулах цахилгаан эрчим хүчний тариф 2021 онд дунджаар 150 кВт.ц хүртэлх хэрэглээнд 134.28 төг/кВт.ц, 151 кВт.ц-аас дээших хэрэглээнд 154.08 төг/ кВт.ц байсан бөгөөд цахилгааны нэгжийн өртгөөс 15.5-26.3 хувиар доогуур, мөн цагийн ялгаварт тарифт тоолууртай айл өрхөд борлуулах цахилгаан эрчим хүчний тариф өдрийн хэрэглээнд /өглөөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/ 140.18 төг/кВт.ц, оройн шөнийн хэрэглээнд /оройн 21.00 цагаас шөнийн 06.00 цаг хүртэл/ 112.98 төг/кВт.ц буюу 23.1-38.0 хувиар доогуур түвшинд байна. Эрчим хүчний салбарын хэмжээнд айл өрхөд борлуулсан цахилгааны тарифт 79.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг хөндлөн татаасаар үзүүлсэн байна.

      Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоол, 2021 оны 207 дугаар тогтоолын дагуу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд буюу нийт 13 сарын туршид хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг Төрөөс хариуцсан. Энэхүү төлбөрийн хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний 738.2 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 369.0 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор 1,107.2 мянган хэрэглэгч хамрагдаж 868.5 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хариуцсан байна.

       Цаашид Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болсон эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхээр Засгийн газраас зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх томоохон зорилтын өмнө бид зогсож байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төвийн бүсэд Багануурын дулааны цахилгаан станцыг эхний ээлжинд 400 МВт хүчин чадалтайгаар барих, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулж Оюутолгойн уурхайг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах, Эрдэнэбүрэнгийн 92 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг барьж, баруун бүсийн эрчим хүчний системийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах, Дорнод бүсийн эрчим хүчний системийн хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэн өргөтгөх, эдгээр эх үүсвэрүүдээс үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг дамжуулах шугамуудыг барьж байгуулах гээд асар их бүтээн байгуулалтын ажил биднийг хүлээж байна. Мөн эрчим хүчний үнийг бодит өртөгт хүргэж зохих ашгийн түвшинг хангасан, инфляцид огцом нөлөө үзүүлэхгүй байх үнэ тарифын бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, эрчим хүчний салбарыг зах зээлд шилжих үйл явцыг эрчимжүүлэх, өрсөлдөөнийг нэвтрүүлэх, салбарын үр ашгийг дээшлүүлэх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Та бүхэн  бидний үйл ажиллагаатай танилцаж, бидэнд үнэтэй зөвлөгөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн,

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА

ЭРДЭНЭЧУЛУУНЫ ТҮВШИНЧУЛУУН