2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

Тавантолгойн уурхайг түшиглэн цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурлаа

Хэвлэх 2019 оны 01-р сарын 02, Нийт үзсэн : 1604

Тавантолгойн уурхайг түшиглэн цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурлаа

  Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж ашиглалтад оруулах,Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд Монгол Улсын Засгийн газрыгтөлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А. Тлейхан, Оюу Толгой ХХК-ыг төлөөлж тус компанийн ТУЗ-ын дарга Г. Батсүх,гүйцэтгэх захирал Армандо Торрес нар тус тус гарын үсэг зурав Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна.

Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн: "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Оюу Толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь тавигдаж байгаа юм. Оюутолгойн компани БНХАУ-аас 100 гаруй МВт-ын цахилгаан эрчим хүчийг импортлон авч байгаа. Энэ нь 160-170 орчим сая доллар. Нийт авч байгаа эрчим хүч нь манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ. 2019 оноос эхлэн Оюу толгой эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг дотооддоо хангаж эхэлнэ.Улмаар 2023 оноос дотоодоосоо 100 хувь Оюутолгойд эрчим хүчээ хангадаг болсноор 200 гаруй сая долларыг эх орондоо авч үлдэнэ. Станц баригдсанаар Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ" хэмээн мэгдэгдэв.

  Тус гэрээнд Оюу толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо хангах шийдлийн зарчим, төслийн ерөнхий дизайн, талуудын үүрэг болон 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг барих асуудлуудыг тусгасан юм.

  Эрчим хүчний энэхүү гэрээг үзэглэсэн нь Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулахУлсын Их Хурлын 2018 оны 73 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Монгол Улсын Өмнөд бүсийн эрчим хүчний хангамжийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангаж,Оюу толгой уул уурхай ялангуяа гүний уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах, эрчим хүчийг хөгжүүлэх чухал алхам болж байна. Энэ үеэр

"Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: "Гэрээг үзэглэсэн нь Оюу толгойн хувьд бас нэгэн тэмдэглүүштэй үйл явдал болж буй бөгөөд хувь нийлүүлэгч талууд харилцан ашигтай шийдэлд хамтаар хүрч болдгийн нэг тод жишээ юм.”

Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат: "Оюу толгой” ХХК нь [15,000] гаруй Монгол ажиллагсадтай дэлхийд тэргүүлэх Монгол компани юм. Үйл ажиллагааныхаа эрчим хүчийг дотоодоос авах талаар Монголын Засгийн газартай хэлэлцэж, тохирсондоо бид баяртай байна.” гэж мэдэгдсэн юм.

ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИХ ЧИГЛЭЛЭЭРХ "ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН
ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ГЭРЭЭ”-ТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • Монгол Улсад сүүлийн 30 гаруй жилд ийм хэмжээний хүчин чадалтай цахилгаан станц шинээр баригдаагүй.
  • Уг цахилгаан станц баригдсанаар "Оюутолгой” компани дан ганц найдвартай цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болоод зогсохгүй Монгол Улс эрчим хүчний хараат бус байдлаа хангахад чухал хувь нэмэр болно.
  • "Оюутолгой” компанийн хувьд найдвартай, тасралтгүй ажиллагаатай цахилгаан эрчим хүчний эх үүсвэр маш чухал. Учир нь уурхайн үйл ажиллагаа тэр дундаа 1,300 метрийн гүнд олборлолт явуулах гүний уурхайн ажилчдын аюулгүй байдалтай найдвартай цахилгааны эх үүсвэр шууд холбоотой.
  • Тавантолгойн нүүрсний уурхайд түшиглэн баригдах уг цахилгаан станц нь 300 мегаваттын хүчин чадалтай.
  • Өдгөө хэрэгжиж буй Оюу толгойн төслийг санхүүжүүлэх төлөвлөгөөний хүрээнд гуравдагч талын хөрөнгөөр санхүүжилтийг босгох чиглэл баримтална.
  • Энэхүү цахилгаан станцыг "Оюутолгой” компани ажиллуулах бөгөөд дор хаяж 51 хувийг нь эзэмшинэ.
  • 2020 оны 1 дүгээр улиралд цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2023 оны зургадугаар сарын 30-нд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна.
  • Цахилгаан станцыг барих хөрөнгө босгох зарчмыг 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд хамтарч шийдсэн байх болно.
  • Цахилгаан станц ашиглалтад орох хүртэл Монгол Улсаас эрчим хүч авах судалгаа хийгдэж байгаа. Хэрэв тохиролцоонд хүрвэл 2019 оноос цахилгаан авч эхлэх юм. Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орох хүртэл аль болох их хэмжээгээр дотоодоос цахилгаан авна.
  • Монголоос найдвартай, холбогдох нөхцөл шаардлагыг хангасан цахилгаан авах хүртэл Өвөр Монголын Эрчим хүчний корпорациас цахилгаанаа авсан хэвээр байх юм.
  • Одоо байгаа зохицуулалтын хүрээнд Монголоос цахилгаанаа худалдаж авна.
  • Мөн "Оюутолгой” компани сэргээгдэх эрчим хүчийг авч ашиглах боломжийг судална.
  • Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж эхэлснээр "Оюутолгой” компани Хөрөнгө оруулалтын гэрээнд заагдсан үүргээ үргэлжлүүлэн биелүүлж байна.
  • Жилийн дундаж хэрэгцээ одоо 152 мегаватт байгаа бол ирээдүйд 240-259 мегаватт болж өсөх юм. Оргил ачаалал одоо 153 мегаватт байгаа бол ирээдүйд 290 мегаватт болж өсөх юм.
  • Тавантолгой нь Оюутолгойгоос 134 километрийн зайтай оршдог.