"Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” төслийн олон улсын уулзалт Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.
"Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” судалгааны төслийг Эрчим хүчний яамны захиалгаар Азийн хөгжлийн банк(АХБ)санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа ажээ.
Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ санаачилгыг амжилттай хэрэгжүүлэх үүрэг бүхий бүс нутгийн оролцогч зургаан орон болох Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос болон Умард Солонгос зэрэг улсын зохистой оролцоог хангасан байгууллага байгуулах саналыг дэвшүүлж байна” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү олон улсын уулзалтыг нээж хэлэхдээ тодотголоо.
АХБ-ны Монгол улс дахь суурин төлөөлөгч Ёланда Ф.Ломмен "Зүүн хойд Азийн бүс нутаг дэлхийн нүүрсхүчлийн хийн дөчин хувийг дангаараа ялгаруулдаг нь сэтгэл түгшээсэн асуудал бөгөөд энэ нь бүс нутгийн эрчим хүчний салбараас үүдэлтэй юм. Харин Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний чадавхийг хөгжүүлснээр бүс нутгийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах боломжтой болно. Учир нь Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, ялангуяа нар болон салхины эрчим хүчээр дотоодын эрчим хүчний хэрэглээг хангахын сацуу бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээний 25%-ийг хангах боломжтой юм. Энэ боломжийг бий болгохын тулд бүс нутаг даяар эрчим хүчний холбоосыг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой бөгөөд энэ бол өнөөдрийн уулзалтын гол сэдэв юм” гэлээ.
Үргэлжлүүлэн Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн хамтын ажиллагаа хариуцсан Захирал Гурбуз Гонул "Шинэ дэлхий-эрчим хүчний шилжилт болон геополитик” сэдэвт илтгэл тавилаа. Уг судалгааг бүтэн жилийн хугацаанд дэлхийн нэр хүндтэй улсуудтай хамтран хийсэн бөгөөд сэргээгдэх эрчим хүч дэлхийн геополитикийн харилцаанд том нөлөө үзүүлнэ. Мөн хүн төрөлхтний амьдралд ямар нөлөө үзүүлж байна вэ гэдэг судалгааны үр дүнгээ танилцуулсан юм.
Уулзалтын хоёр хуралдааны эхнийхэд ньМонгол, Хятад, Япон, БНСУ, ОХУ зэрэг орнуудын салбарын байгуулагуудын төлөөлөгчид илтгэлээ танилцуулж, хоёрдугаар хуралд Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний Стратеги Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төсөл, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, Нийгмийн Комисс, Эрчим хүчний харти(Energy Charter), Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хөгжүүлэлт хамтын ажиллагааны байгууллага(GEIDCO),Японы сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн, БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн зэрэг байгууллагуудын төлөөлөгчид илтгэл тавилаа. Илтгэлд төслийн үр дүнд Зүүн хойд Азийн улсууд хоорондоо цахилгаан эрчим хүч худалдаалах нь ач холбогдолтой гэсэн дүгнэлтхийлээ. Хамгийн шилдэг, сүүлийн үеийн дамжуулах сүлжээний, өндөр хүчдэлийн ухаалаг сүлжээний технологийг ашигласнаар энэ бүхэн бүрэн боломжтой нь тогтоогдсон байна. Эдгээр сүлжээг хооронд нь аль цэгээс аль цэгт хэрхэн холбох вэ гэдэг маш тодорхой зураг, схемүүд гарсныг танилцууллаа. Мөн судалгаанаас гарч байгаа нэг зөвлөмж бол эрчим хүчний худалдаа, зах зээлийг бий болгох зохицуулалтын байгууллага байгуулах явдал юм байна.
Зүүн хойд Азийн бүс нутгийн яг төвд байрладаг нь Монгол улсад уг байгууллага байрлах боломжтой бөгөөд Монгол улсад Япон, Хятад, Орос, Солонгос зэрэг бүсийнхээ аварга зах зээлүүдэд нар, салхины эрчим хүчээ экспортлох боломж ойртсоныг уг уулзалт баталгаажууллаа. Эрчим хүчний дэлхийн нийт хэрэглээний 37% байдаг том зах зээл бүхий уг бүс нутагт Монгол улс эрчим хүчээр хангах боломжийг ашиглаж чадвал асар том эдийн засгийн боломж, зах зээл, орон зай нь энэ болох юм.
Энэхүү улзалтыг Монголын бизнесийн зөвлөл, Азийн супер сүлжээ Монгол нийгэмлэг, Монголын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын эрчим хүчний ассоциациудтай хамтран зохион байгууллаа.
Манай улс Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний зах зээлийн яг дунд нь оршдог. Тус "Азийн супер сүлжээ” төсөл хэрэгжиж эхэлснээр манай улс Япон, Хятад, Орос, Солонгос зэрэг бүс нутгийн аварга зах зээлүүдэд нар, салхины эрчим хүчээ экспортолж, ам.доллар олох эдийн засгийн асар өндөр үр өгөөжтэй гэдгийг чуулганд оролцогчид онцолж байна. Мөн АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн судалгаагаар Манай улсыг асар их эрчим хүчний нөөцтэй буюу дэлхийн цахилгааны нийт хэрэглээний дөрөвний нэгийг дангаар Монголын эрчим хүч хангах боломжтой гэсэн судалгаа гарсан байдаг аж. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхантай дараах мэдээллийг өглөө.
ЭРЧИМ ХҮЧЭЭ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ ОЙРТСОНЫГ УГ УУЛЗАЛТ БАТАЛГААЖУУЛЛАА
Монгол Улс эрчим хүчний асар баялагтай орон. Бидэнд атомын эрчим хүч, нүүрс, нар, салхиа цахилгаан болгон хувиргаж экспортлох боломж бий. 2015 онд УИХ-ын тогтоолоор Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан.
Үүний хүрээнд 2030 он хүртэл эрчим хүчнийхээ дотоод хэрэгцээг бүрэн хангаж цаашлаад эрчим хүчээ экспортолно гэж томоохон зорилт тавьсан. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад, Орос, Хятад, Япон, Өмнөд болон Умард Солонгос гэсэн таван улс хамтран цахилгаан дамжуулах бүс нутгийн томоохон хүчин чадалтай цахилгаан эрчим хүчний сүлжээ байгуулж цахилгаанаа солилцох бодлогыг хэрэгжүүлэхээр яригдаж байна. Энэ ажлыг дэмжиж судалгааны хөрөнгө санхүүг нь Азийн хөгжлийн банкнаас гаргасан. Судалгааны ажлыг Францын компани хийж ирэх тавдугаар сард судалгааны тайлангаа тавина. Судалгааг бодит ажил хэрэг болгосноор манай улсад маш ирээдүйтэй. Жилийн 365 хоногт нар салхитай. АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн судалгаагаар Манай улсыг асар их эрчим хүчний нөөцтэй буюу дэлхийн цахилгааны нийт хэрэглээний дөрөвний нэгийг дангаар Монголын эрчим хүч хангах боломжтой гэсэн судалгааг гаргасан байдаг. Мөн Монголд хамгийн хямд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, хямд цахилгаан эрчим хүчийг Монголд үйлдвэрлэж цахилгаан дамжуулах шугамаар Хятад, Орос, Хятад, Япон, Өмнөд болон Умард Солонгос хүргэх нь дээрх улсуудад өөрт нь ашигтай. Дээрх төслийг хэрэгжүүлснээр манай улсад уул уурхайгаас илүү их валют орж ирэх боломж бүрдэнэ гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа. Монгол Улс цахилгаан эрчим хүчийг 1 кв-ыг зургаан цент, түүнээс багаар үйлдвэрлэх боломжтой байгаа нь бүс нутгийн зарим хэрэглэгчдийн одоогийн үнэтэй харьцуулахад гурав дахин хямд юм.
Зүүн хойд Азийн бүс нутгийн яг төвд нь байрладаг Монгол Улсад уг байгууллага байрлах боломжтой бөгөөд Монгол Улс Япон, Хятад, Орос, Солонгос зэрэг бүсийнхээ аварга зах зээлүүдэд нар, салхины эрчим хүчээ экспортлох боломж ойртсоныг уг уулзалт баталгаажууллаа.