2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧИЙН БОСГО ХЭМЖЭЭ БОЛОН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ЗАРИМ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Хэвлэх 2019 оны 05-р сарын 28, Нийт үзсэн : 5493

ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧИЙН БОСГО ХЭМЖЭЭ БОЛОН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН  ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ЗАРИМ ЖУРМЫГ  ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

 Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрт заасны дагуу “Эрчим хүч хэмнэх үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Эрчим хүч хэмнэлтийн хууль тогтоомж болон түүнийг дагаж гарсан зохицуулалтын баримт бичгийг боловсронгуй болгох, бусад хууль тогтоомжтой уялдуулах, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд “Эрчим хүчний аудит хийх журам”, “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-уудыг тус тус шинэчлэн боловсруулж , Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай” 181 дүгээр тогтоолыг батлуулаад байна.

Тус тогтоолын хавсралтаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9.1.9.а-д заасан “Эрчим хүчний аудит хийх журам”,  9.1.9.б-д заасан “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”, 9.1.9.д-д заасан “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-уудыг тус тус шинэчлэн баталлаа.

Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 182 дугаар тогтоолоор “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний жилийн хэрэглээний босго хэмжээ”-г шинэчлэн батлуулаад байна.

Дээр дурдсан нэр бүхий журмууд болон Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн ангилал, босго хэмжээг шинэчлэн батлуулсан нь эрчим хүчний хэмнэлтийн талаарх бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрчим хүч хэмнэх үйл ажиллагааг практикт нэгдсэн ойлголттойгоор зөв хэрэгжүүлэх,  өмнөх журмаар зохицуулагдаж байсан хоёрдмол үзэл санааг агуулсан, техник, утга найруулгын хувьд зөрчилтэй зохицуулалтыг засаж сайжруулах, эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх үндсэн нөхцөл бүрдэж байгаа юм.

Мөн түүнчлэн  Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлого, Эрчим хүч хэмнэх үндэсний  хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлогод тусгагдсан зорилго, зорилтыг хангах, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр болох юм.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 сарын 31-ний өдрийн 295 дугаар тогтоол, түүний 3 дугаар хавсралтаар баталсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.

Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 181, 182 тоот тогтоолуудыг

https://www.legalinfo.mn/law/details/14377?lawid=14377

https://www.legalinfo.mn/law/details/14378?lawid=14378

  холбоосоор татаж авч танилцах боломжтой.