Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ сарын 13-ны өдөр “РЕЛЕ ХАМГААЛАЛТ, АВТОМАТИКИЙН УХААЛАГ ШИЙДЭЛ” уулзалт зөвлөгөөнийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 гаруй компанийн төлөөлөл оролцох юм. Зөвлөгөөний үеэр эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдэх, эрчим хүчний салбарт ухаалаг систем нэвтрүүлэх чиглэлээр ярилцаж, зөвлөмж гаргах юм байна. Эрчим хүчний сайдын тушаалаар 2019 оныг “Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарласан. Тиймээс зөвлөгөөний үеэр “Нэгдсэн сүлжээний реле хамгаалалт, автоматик”, “Эрчим хүчний системийн тогтворжилтын өнөөгийн төлөв байдал, орчин үеийн шийдлүүд”, “Эрчим хүчний системийн холбоо, шилэн кабелийн өнөөгийн байдал, сайжруулах арга замууд” зэрэг сэдвээр илтгэл тавьж, санал бодлоо солилцох юм. Монгол Улсын эрчим хүчний үндсэн тоноглолууд хуучирсан, насжилтын хугацаа дууссан, дамжуулах шугам сүлжээг шат дараатайгаар шинэчлэх шаардлагатай болж, техникийн нөлөөллөөс үүдсэн эрчим хүчний тасралтын тоо нэмэгдсэн энэ үед аюулгүй, найдвартай ажиллагааг хангах, шинэ технологи нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Тиймээс энэхүү зөвлөгөөнийг Эрчим хүчний зохицуулах хороо, ДҮТ-тэй хамтран зохион байшгуулж байгаа юм байна.