Монгол Улсын гал голомт, хөгжлийн тулгуур болсон эрчим хүчний аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангаж, хэрэглэгчдэд илч, дулаан, гэрэл түгээх үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэн, хөдөлмөр бүтээл, авьяас чадвараа харамгүй зориулж яваа эрчим хүчний салбарын нийт ажилтан албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, үе үеийн ахмад буурлууддаа Эрчим хүчний ажиллагсдын өдрийн мэнд хүргэе.
Өнөөдөр 21 аймаг, 365 сум суурин газрын 685 мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүч, 264.6 мянган хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангах их үйлсэд 13000 гаруй хүн хөлс хөдөлмөрөө зориулж, Эрчим хүчний тухай хуулийн дагуу 189 аж ахуйн нэгж байгууллага тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
Эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагааг ханган, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг дотоодын нөөц бололцоогоор хангах, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, ухаалаг эрчим хүчний шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх ажилд хөлс хүч, хөдөлмөр бүтээлээ зориулж байгаа эрхэм Та бүхэндээ гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН