2024 оны 11-р сарын 23, Бямба гариг

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТ, ХЭРЭГЛЭЭГ СУДАЛНА

Хэвлэх 2019 оны 08-р сарын 23, Нийт үзсэн : 1864

 БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТ, ХЭРЭГЛЭЭГ СУДАЛНА

 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Ньюком Групп, “АББ” Групп хамтран Монгол Улсад орчин үеийн, дэвшилтэт, байгальд ээлтэй, шинэ техник, технологи нэвтрүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд энэхүү санамж бичгээр “Монгол Улсад орчин үеийн, дэвшилтэт, байгальд ээлтэй, шинэ техник, технологи нэвтрүүлэх, цахилгаан тээврийн хэрэгсэл, түүнийг цэнэглэх дэд бүтэц, цахилгаан хураагуурын хэрэглээг судлах, ашиглалтыг турших, хамтын ажиллагааны үр дүн, ашиглалт, судалгааны үр дүн, мэдээллийг харилцан солилцох”-оор тохиролцсон байна.

Санамж бичгийн хүрээнд  Ньюком Групп, “АББ” Групп, Эрчим хүчний зохицуулах хороо нь 100% цахилгаанаар ажилладаг байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл, түүний цэнэглэгчийг Монголын эрс тэс уур амьсгалтай цаг уурын нөхцөлд хэрэглэх, ажиглах, турших ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна. Энэхүү арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр,  Ньюком Группын Гүйцэтгэх захирал Н.Энхболд, “АББ” Группын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С. Эрдэмбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Ньюком Группын зүгээс санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа ажиглалт, туршилтын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байна. Учир нь Монгол улс байгалийн асар их нөөцтэй боловч шатахууны хувьд импортын хараат байдалтай тул өөрийн нөөц, хүч бололцоогоо ашиглан байгальд ээлтэй, шинэ, дэвшилтэт техник, технологийг Монголд нутагшуулж, тээврийн хэрэгслийн эрчим хүчийг дотоодоосоо ханган, хэрэглэх нь эдийн засгийн, эрчим хүчний, хүрээлэн буй байгаль орчны гэх мэт олон давуу талыг дагуулах юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан энэ үеэр “Агаарын бохирдлыг бууруулах, цахилгаан эрчим хүчийг зүй зохистой ашиглах, байгаль орчин болоод эдийн засагт үр өгөөжтэй хэрэглээг бий болгохын тулд бид орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэхүү цахилгаан автомашин болон цэнэглэгчийг албан хэрэгцээнд ашиглахын зэрэгцээ автомашины цахилгаан хураагуурын хэрэглээг судлах, цаашид  цахилгаан машиныг хэрэглээнд өргөн хүрээтэйгээр нэвтрүүлэх  боломж бололцоог бүрдүүлэхэд ашиглах болно” гэдгийг онцлон тэмдэглэв.