Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг энэ сарын 16-27-ны өдрийг дуустал Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа билээ.
Эрчим хүчний яам хуваарийн дагуу 09 дүгээр сарын 26-ны өдөр нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн үг хэлсэн юм. Тэрбээр “Эрчим Хүчний Яамнаас “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр/2018-2023/-ийг боловсруулж Засгийн газрын тогтоол гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.
Салбарын болон хэрэглэгчдийн хувьд тодорхой хүндрэл учруулж байсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулж асуудлыг бүрэн шийдлээ.
Салбарын болоод хэрэглэгчдийн өмнө өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хэрэглээний өсөлтийг хангах,тоноглолын насжилтыг уртасган найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилготой “ДЦС-4” ТӨХК-ийн турбогенератор №1-4-ийг шинэчлэх төсөл амжилттай явагдаж байна. Хэдхэн хоногийн өмнө турбогенератор №4-ийг ашиглалтад орууллаа. Ингэснээр тоноглолын нэгж хүчин чадал 23МВт-аар нэмэгдэж байна. Мөн Дарханы дулааны цахилгаан станцын 35МВт-ын өргөтгөлийн ажил дуусч туршилтаар сүлжээнд залгаад байгаа бол Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын 250 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, хоёр дэд станцын ажил дуусч,“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ын өргөтгөлийн ажил эхэллээ. 2023 он гэхэд “Тавантолгой цахилгаан станц”-ыг барьж, Оюутолгойн уурхайн эрчим хүчийг дотоодоосоо хангах нөхцөл бүрдэж эрчим хүчний импорт эрс багасч, валютын гадагш чиглэсэн урсгал хэмнэгдэнэ. Ирэх жил бид Эрдэнэбүрэнгийн 90-100 МВт-ын Усан цахилгаан станц /УЦС/, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц /ДЦС/-ын 50 МВт-ын өргөтгөлийн ажлуудыг эхлүүлнэ.Арван аймгийн төвд орчин үеийн дулааны станц барих ажил ирэх жил эхэлж, хэрэглэгчдийн ая тухтай байдал,эрүүл ахуй болон байгаль хамгаалал, бизнесийн орчинд томоохон ахиц дэвшил өгөх ажил болно.
Гэр хорооллын цахилгааны шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлж 41.964 айл өрхийг 4 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажил амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар гэр хорооллын 20 мянга гаруй айл өрхийг цахилгаанаар халаах боломжийг бүрдүүлж, “Хүчит шонхор” дэд станцыг өнгөрсөн зун ашиглалтад хүлээлгэн өгсөн.
Сайжруулсан шахмал түлшний “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаа жигдэрч, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулдаг гэдгийг БНСУ-ын лаборатори баталсан. Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулахаар хийгдэж буй ажлын хүрээнд шахмал түлшийг гэрээ байгуулж албажсан цэгүүдээр худалдаалж, хороондоо бүртгэлтэй айл өрхүүдэд гурван тонн шахмал түлшний эрх бүхий карт тарааж эхэлсэн билээ. “Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн байна” гэлээ.
Өдөрлөгт эрчим хүчний салбарын харъяа төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 36 үйлдвэр, компани оролцож, Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүд болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмжийг танилцуулж, Эрчим хүчний үнэ тариф, Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, Цахилгаан, дулааны техникийн нөхцөл, Эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг цогц мэдээлэл, үйлчилгээг үзүүллээ. Мэдээлэл, үйлчилгээ авч буй иргэдийн дийлэнх нь цахилгаан, дулааны эрчим хүчний хангамж, төлбөр, тооцоо болон үнэ тарифтай холбоотой санал, хүсэлт гаргаж байсан юм.
Холбогдох харъяа байгууллагууд газар дээр нь шуурхай ажиллаж, санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж, нэг цэгийн үйлчилгээ үзүүллээ.