2024 оны 11-р сарын 22, Баасан гариг

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНААС СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Хэвлэх 2020 оны 02-р сарын 27, Нийт үзсэн : 1108

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНААС СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Эрчим хүчний яам 2019 онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2020 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй байдлаар танилцууллаа. Эрчим хүчний яам 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласан. Энэ хүрээнд Эрчим хүчний яам үндсэн гурван чиглэлд нийт 33 ажил төлөвлөн хэрэгжүүлсэн. Салбарын байгууллагууд нийт 240 гаруй ажил, Диспетчерийн үндэсний төв /ДҮТ/ ХХК уг төлөвлөгөөт ажлуудтай уялдуулж 102 ажил хэрэгжүүлжээ. Ухаалаг эрчим хүчний системийг бүрдүүлэх зорилго бүхий нэгж ДҮТ-д байгуулагдаж, салбарын бусад ТЗЭ байгууллагуудад тус чиглэлээр ажиллах алба хэлтэс ажилтнуудыг зохион байгуулсан. Улмаар “Өргөн хүрээт хяналт удирдлагын систем” болох WAMS (Wide Area Monitoring System) – ийг нэгдсэн сүлжээнд амжилттай нэвтрүүлсэн. Энэхүү системийг нэвтрүүлснээр Эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа дээшилж, гэмтэл саатлын тоог 20-30 хувиар бууруулах, үйл ажиллагааны зардлыг 10 хувиар бууруулах, системийн хүчдэлийн огцом бууралт үүсэх эрсдэлийг 15-35 хувиар бууруулах боломжтой. Харин 2020 оныг Эрчим хүчний салбарын хэмжээнд “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “2020 оныг Эрчим хүчний хүний нөөцийг хөгжүүлэх жил болгон зарлаж байна. Энэ нь өнгөрсөн жилийн ухаалаг систем бий болгох зорилттой холбоотой. Учир нь ухаалаг системийг хөгжүүлэхийн тулд боловсон хүчнийхээ асуудлыг шийдэх ёстой. Ухаалаг системийг бий болгосноор эрчим хүчний системийг найдвартай, тогтвортой, бие даасан болгох суурь ажлууд хийгдэх юм. 2019 онд тус зорилтот жилийн хүрээнд хийсэн хамгийн гол ажил нь WAMS-ийг нэгдсэн сүлжээнд нэвтрүүлсэн явдал юм. Өмнө нь аваар гарахад тодорхой арга хэмжээ авдаг автомат системтэй байсан. Харин одоо ухаалаг систем бий болсноор осол гарахыг урьдчилан тооцоолж, арга хэмжээ авч болохоор болж, найдвартай ажиллагаа бүрэн хангагдана гэсэн үг. Түүнчлэн ухаалаг систем бий болсноор хэмнэлт, үр ашиг бий болно” гэлээ. Мөн тэрбээр “Энэ жил хүний нөөцийн бодлогын баримт бичиг болон Эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг боловсруулан батлуулж, энэ салбарт аль болох мэргэжлийн хүн ажиллуулахыг зорьж байна” хэмээн нэмэв. Монгол Улсын эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулах зорилгын хүрээнд гурван үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллах юм.

Хүний нөөцийн төлөвлөлтийг хангах хүрээнд:

Эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулах, тогтвортой хөгжил, аюулгүй, найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах

Нийгмийн баталгааг хангах хүрээнд:

Байгууллагын ажиллагсдын үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангах, урамшуулах, ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажлын байрны нөхцөлийг бүрдүүлэх

 

Сургалтаар хөгжүүлэх хүрээнд:

Байгууллагын стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгцээг хангахад цаг үеийн эрэлт шаардлагад нийцсэн мэдлэг чадварыг эзэмшүүлэх, сургаж хөгжүүлэх, мэргэшүүлэх байдлаар тус тус ажиллах юм. Хурлын төгсгөлд сэтгүүлчид Эрчим хүчний салбартай холбоотой хийгдсэн болон хийгдэх ажлын хүрээнд мөн цаг үеийн асуултууддаа хариулт авсан юм.