Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл өгсөний дагуу Азийн хөгжлийн банк /АХБ/-тай Монгол Улсын эрчим хүчний системд анхны том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих зорилгоор нийт гурван зээлийн хэлэлцээр, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Зээлийн хэлэлцээрүүд болон буцалтгүй тусламжийн гэрээнд АХБ-ыг төлөөлж АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал ноён Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нар оролцлоо.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:“Өнөөдөр эрчим хүчний салбарын хувьд түүхэн үйл явдал тохиож байна. Дэлхийд хамгийн томд тооцогдох цахилгаан цэнэгт хуримтлуурыг Монгол Улсад барих санхүүгийн асуудал шийдэгдлээ. Бид өнөөдрийг хүртэл оройн оргил ачааллын цагаар ОХУ-аас эрчим хүч импортолж, зохицуулалт хийдэг. Энэхүү хуримтлуур ашиглалтад орсоноор дотоодын нөөц боломжоосоо хангадаг давуу тал бий болно. Зөвхөн өвлийн өндөр оргил ачааллын үед гаднаас импортлоно гэсэн үг. Мөн дэлхий нийтийн жишгийн дагуу Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж нэмэгдэнэ. Нар жаргахаар эрчим хүчний дутагдалд ордог байсан бол хуримтлуур ашиглалтад орсоноор тэрхүү дутагдлыг нөхөх боломжтой болно. Энэ том бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг шийдэж өгсөн Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Азийн Хөгжлийн Банкны хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.
Энэ үеэр АХБ-ыг төлөөлж АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал ноён Павит Рамачандран: “Дэлхийн хамгийн томд тооцогдох 125МВт-ын цахилгаан цэнэгт хуримтлуурыг Монгол Улсад барьж, ашиглалтад оруулахаар боллоо. Үр дүнд нь сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх боломж нэмэгдэнэ” гэлээ. “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн хүрээнд 125МВт-ын хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий том хэмжээний цахилгаан цэнэгт хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж, ашиглалтад оруулах юм. Ингэснээр Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж, бие даасан байдал болон уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулахаас гадна эрчим хүчний алдагдлыг бууруулна. Энэхүү хуримтлуур нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй байхын зэрэгцээ Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн цэнэглэгдэх боломжтой эрчим хүчний удирдлагын системээр тоноглогдох юм. Түүнчлэн уг төсөл нь ирээдүйд цахилгаан дамжуулах сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр холбоход шаардагдах тохируулгын нөөцийг бүрдүүлэх юм.