2024 оны 04-р сарын 19, Баасан гариг

Э.ТҮВШИНЧУЛУУН: ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ДАГУУ НИЙТДЭЭ 729 МЯНГАН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨЛБӨРИЙГ ТӨР ХАРИУЦНА

Хэвлэх 2020 оны 12-р сарын 21, Нийт үзсэн : 2720

Э.ТҮВШИНЧУЛУУН: ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ДАГУУ НИЙТДЭЭ 729 МЯНГАН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨЛБӨРИЙГ ТӨР ХАРИУЦНА

Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, Монгол Улсын зөвлөх инженер Э.Түвшинчулуунтай ярилцлаа.

-Засгийн газраас айл өрхүүд болон зарим аж ахуй нэгжийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу эрчим хүч хэрэглэгчдэд хичнээн төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх вэ?

-Айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцах томоохон шийдвэр гаргасныг уншигчид мэдэж байгаа. Энэ зардалд нийтдээ 650 гаруй тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарсан. Харин эрчим хүчний салбарын хувьд нийтдээ 729 мянган хэрэглэгчийн 483.7 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төр хариуцах боломж бүрдээд байна. Энэ 729 мянган хэрэглэгчийн 678 мянга нь айл өрх, 51 мянга нь аж ахуйн нэгж, байгууллага байгаа. Хэрэглэгчид маань цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур үнэ, төлбөргүй боллоо гэж ташаа ойлголт авсныг залруулах ёстой байх. Цар тахал дэгдсэн энэ хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байруудыг хадгалах, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор эрчим хүч болон ус, хогны зардлыг төр хариуцаж, Эрдэнэт үйлдвэрээс төлүүлэх шийдвэр гарсан шүү гэдгийг онцолж хэлэхийг хүсч байна.

-Гэвч энэ шийдвэрийн дараа цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өссөн. Үүнээс үүдэн Эрчим хүчний яамнаас түр журам гарахаар болсон. Хэрэглэгчдийн дунд цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцахаа больж байгаа гэсэн яриа, зөрүүтэй ойлголтууд их байна. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

- Засгийн газрын шийдвэр огт өөрчлөгдөөгүй. Айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, хогны төлбөрийг төрөөс хариуцахаар болсонтой холбогдуулан Засгийн газрын шийдвэрийн дагуу Эрчим хүчний сайдын тушаалаар эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоог зохицуулах талаар түр журмууд батлагдан гарсан. Товчхондоо Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй уялдуулан нэг талаас эрчим хүчний үйлдвэр компаниудад, нөгөө талаас хэрэглэгчдэд эн тэнцүү үүрэг хүлээлгэсэн, хэрэглэгчдийг эрчим хүчээр аюулгүй, найдвартай хангах боломжийг бүрдүүлэх зорилготой түр журам юм.

-Түр журмын талаар асуух зүйл олон байна. Хэрэглэгчид яаж төлбөрөө төрөөр даалгах вэ гэдгийг сонирхож байна л даа?

- Эрчим хүчний эх үүсвэр болон техникийн хүчин чадлын боломжит хэмжээтэй уялдуулан хэрэглэгчийн өмнөх оны мөн үеийн цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төрөөс хариуцна. Дулааны эрчим хүч хэрэглэгч айл өрхийн хувьд 100 метр квадрат хүртэлх хэрэглээг төрөөс хариуцаж, илүү талбайд ногдох дулааны төлбөрийг хэрэглэгч өөрөө төлөхөөр журамд тусгасан байгаа.

Иргэдийн зүгээс хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө бүрэн төрөөс даалгаж чадахгүй байна гэдгийг тодруулж өгнө үү?

Айл өрхийн сард хэрэглэдэг цахилгаан эрчим хүчний хэрэглээ харьцангуй тогтвортой байдаг. Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотод гэр хорооллын халаагууртай айл өрхийн дундаж хэрэглээ өмнөх оны 11 дүгээр сард 458 кВт.ц байсан бол 2020 оны 11 сард 459 кВт.ц, орон сууцны айл өрхийн дундаж хэрэглээ өмнөх оны 11 дүгээр сард 192 кВт.ц байсан бол 2020 оны 12 дугаар сард 195 кВт.ц буюу бараг өөрчлөлтгүй байна. Тиймээс айл өрх бүрийн тогтсон хэрэглээний төлбөрийг үндсэндээ төрөөс бүрэн хариуцаж байгаа юм.

-Гэхдээ шинээр цахилгаан эрчим хүчний хэрэглэгч болсон, энэ онд халаалтаа цахилгаанаар шийдсэн айлууд яах вэ? Яаж хөнгөлөлтөд хамрагдах вэ гэсэн асуултууд гарч ирж байна?

-Түр журамд энэ талаар бас ойлгомжтой тусгаж өгсөн байгаа. Шинэ хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг тооцохдоо тухайн хэрэглэгчийн хэрэглээг харгалзан ижил төстэй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын дундаж хэрэглээтэй дүйцүүлэн тооцно гэсэн заалт бий.

-Улаанбаатар хотын хэмжээнд хэдэн шинэ хэрэглэгч байгаа вэ?

-Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн судалгаагаар 2020 онд нийслэлийн хэмжээнд орон сууцны 7200, гэр хорооллын 5600 орчим хэрэглэгч шинээр нэмэгдсэн байгаа.

-Өмнөх оны хэрэглээтэй дүйцүүлж төлбөрийг тооцно гэсэн. Тэгвэл хэн хичнээн төгрөгийн төлбөрөө төрөөр даалгах боломжтойг тооцсон тооцоо судалгаа бий юу?

-Цахилгаан дулааны эрчим хүчний төлбөрийг төр даах энэ  хугацаанд сар бүр гэр хорооллын айл өрх 35-75 мянган төгрөгийн цахилгааны, нийтийн орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамааран 80-160 мянган төгрөгийн цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөгдөх тооцоо гарсан.

-Зарим иргэд 12-р сарын 1-нээс цахилгаан дулааны үнийг төрөөс хариуцна гэсэн. Гэтэл төлбөр нэхэмжлээд байна гэсэн гомдол их гаргаж байна? Энэ талаар та хариулт өгөөч?

-Хэрэглэгч хэрвээ 11-р сард хэрэглэсэн цахилгаан, дулааны төлбөрөө төлж амжаагүй байгаа бол төлөх шаардлагатай. Засгийн газрын тогтоолын дагуу 12-р сарын 1-нээс эхлэн хэрэглэсэн цахилгаан, дулаан эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төр хариуцах юм.

-Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр шөнийн тарифын хөнгөлөлт олгодог. Энэ  хөнгөлөлт хэвээрээ үргэлжлэх үү?

- Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу хүйтний улиралд нийслэл болон  аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифт хөнгөлөлт үзүүлж байгаа. Гэхдээ нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон. Энэ журам мөн хэвээрээ мөрдөгдөнө.

-Гэр хорооллын айл өрхүүд хоёр төрлийн хөнгөлөлтөд хамрагдаж байна. Дээрээс нь сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулсан байгаа. Гэтэл яагаад цахилгаан эрчим хүчний хэрэглээ гэр хороололд улам өсөөд байна вэ? Та мэргэжлийн инженер хүн. Хэрэглээгээ хэтрүүлээд байгаа хэрэглэгч нартай хариуцлага тооцох ч юм уу, үүрэгжүүлэх боломж бий юу?

-Түр журамд хэрэглэгч цахилгаан эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэх, шугам, тоноглолын техникийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй байх талаар тусгасан. Эрчим хүчний салбар аль цэгт хэрэглээний өсөлт их байна, хаана ямар гэмтэл саатал гарсныг хянаж байдаг, хэн хаана цахилгаан эрчим хүчний өндөр хэрэглээ үүсгээд байгааг ч тогтоох бүрэн боломж бий. Гэхдээ бид хэрэглэгчээ дээдэлж, эрчим хүчний хэрэглээгээ хянаж, зүй зохистой хэрэглэхийг уриалж байгаа. Өндөр зарцуулалттай цахилгаанаар ажилладаг халаагуур болон бусад цахилгаан хэрэгсэл нь хэрэглэгчийн ашиглаж буй цахилгааны кабель шугам, бусад хэрэгслийг гэмтээх, гал гарах эрсдэлтэй гэдгийг хэрэглэгчид маань анхаарах хэрэгтэй.

-Түр журмаар хэрэглэгчид эрчим хүч хэмнэх үүрэг оногдуулж байгаа гэж та ярьсан. Энэ талаар тодруулж өгөөч?

-УИХ-аас эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг 2016 онд баталсан. Энэ хуулийн дагуу өндөр хэрэглээтэй аж ахуй нэгжүүд эрчим хүч хэмнэх үүрэг хүлээгээд ажиллаж байгаа. Ахуйн хэрэглэгчид ч гэсэн энэ хуулийн дагуу цахилгаан, дулаанаа зүй зохистой хэрэглэж, эдийн засагтаа, байгаль орчиндоо хувь нэмрээ оруулж ажиллах цаг үе ирээд байна. “Цахилгааны үнийг төрөөс хариуцахаар боллоо. Төлбөр нь бага гарах юм чинь яаж ч хэрэглэсэн яах вэ” гэдэг үрэлгэн байдлаар бус илүү хэмнэлттэй, илүү ухаалаг хэрэглээсэй гэж хүсч байна.  Айл өрхүүд  цахилгааны оргил ачааллын үед буюу өдөр бүр 17:00-21:00 цагийн хооронд цахилгаан халаагуур залгахгүй, ашиглахгүй байгаа цахилгаан хэрэгслүүдээ залгуураас салгаж хэвшвэл эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм шүү.

-Хэрэглэгчид цахилгааныг хямд үнээр авч байгаа болохоор зохистой, хэмнэлттэй хэрэглэхгүй байна уу? Хэрвээ зах зээлийн үнээр цахилгаан өгөөд эхэлбэл хүссэн хүсээгүй ухаалаг хэрэглээтэй болж, төрөөс эрчим хүчний салбарт өгдөг татаасууд үгүй болно гэсэн санал гарч байна лээ?

-Хэрэглэгчийн цахилгааны тариф бодит өртөгтөө хүрэхгүй байгаа. Дээрээс нь маш олон төрлийн хөнгөлөлт үзүүлдэг. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай хот суурин газрын гэр хорооллын иргэдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 100 хувь хүртэл хөнгөлж байгаа. Энэ хөнгөлөлтөд улсын төсвөөс жилдээ 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Мөн айл өрхийн хэрэглэсэн 150 кВт.ц цахилгааны үнийг  хөнгөлдөг, тодруулбал 1 кВт.ц тутамд 37 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа. Өнгөрсөн 2018 онд гэхэд л улсын хэмжээнд нийтдээ  айл өрхөд  нийтдээ 62.7 тэрбум төгрөгийн цахилгааны үнийн хөнгөлөлт, нэг өрхөд сард дунджаар 9500 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

-Төрөөс цахилгаан эрчим хүчний  төлбөрийг хөнгөлөх чөлөөлөх болгонд л ачаалал хэтэрлээ, эрчим хүчний систем доголдох аюул нүүрлэлээ гэсэн гомдол гардаг. Монгол Улс хэзээ аюулгүй найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болох вэ?

- Эрчим хүчний салбар 2020 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 7.0 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 10.6 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэхээр байна. Эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-8 хувиар өсөн нэмэгдэж байгаа. Цаашид ч хэрэглээ улам нэмэгдэнэ. Тиймээс цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Төрөөс хэрэглээгээ дотоодын эх үүсвэрээс хангах бодлого барьж 2018 онд “Эрчим хүчний салбарын хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийг баталсан. Засгийн газраас баталсан хөтөлбөр хэрэгжсэнээр дотоодын үйлдвэрлэлээр цахилгаан эрчим хүчний  хэрэглээгээ бүрэн хангах боломжтой гэж үзэж байгаа. Энэ хөтөлбөр стратегийн зургаан том зорилтын хүрээнд эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудыг нарийн тусгаж өгч эрчим хүчний хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээсээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд  2019 оны байдлаар Дарханы ДЦС-ын 35 МВт-ын өргөтгөл, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 1, 4-р турбины шинэчлэл, 43 МВт-ын өргөтгөл, Улаанбаатар-Мандалговийн ЦДАШ, дэд станц, Чойр дэд станцыг өргөтгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсөн хугацаандаа бүрэн хэрэгжиж дууссан. Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хүрээнд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой төслийн судалгааг хийж, “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх, Дорнодын станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх, Амгалан дулааны станцын дэд бүтцийг түшиглэн 50 МВт-ын цахилгаан станц барих төслүүдийг эхлүүлэхээр Засгийн газрын шийдвэр гарч, холбогдох арга хэмжээг авч байна.

-Ярилцсанд баярлалаа.